Эсийн хуваагдалд оролцдог CDK2 уурагт нөлөөлснөөр олон төрлийн хорт хавдрын үед дархлаа эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой аж.
Molecular Cell сэтгүүлд мэдээлснээр, ийм дүгнэлтэд АНУ-ын Харвардын их сургуулийн дэргэдэх хорт хавдрын тэргүүлэх төв болох Dana-Farber Cancer Institute-ийн эрдэмтэд хүрчээ.
Туршилтын үеэр CDK2 дарангуйлагчийг дархлааны хяналтын цэгийг хориглодог эмтэй хавсран хэрэглэхэд зарим хулганын хавдар бүрэн устсан байна.
CDK2 нь эсийн хуваагдалд оролцдог бөгөөд cyclin E уургаар идэвхждэг. Одоогоор CDK2 дарангуйлагчдыг энэ уургийн идэвхээс өсөлт нь хамаардаг өндгөвч болон хөхний хорт хавдрын үед голчлон эмнэлзүйн туршилтаар судалж байна.
Гэвч судлаачид CDK2 өөр нэг үүрэгтэйг илрүүлжээ. Хавдрын эс дэх cyclin E-CDK2 хэт идэвхжихэд BRD4 уургийн үйл ажиллагааг өөрчилж, дархлааны хариу урвалтай холбоотой генүүдийн идэвхийг бууруулдаг байна. Үүний улмаас хавдар дархлааны тогтолцоонд илрэх нь багасаж, дархлааны хяналтын цэгийн дарангуйлагчид тэсвэртэй болдог.
Бүдүүн ба шулуун гэдэсний хорт хавдар болон хөхний хорт хавдрын загварт хийсэн туршилтаар CDK2-ыг генетикийн аргаар болон тегтоциклиб эмийн тусламжтайгаар хориглоход дархлаа эмчилгээний үр нөлөө мэдэгдэхүйц нэмэгджээ.
“Дархлааны хяналтын цэгийг хориглох эмчилгээнд хариу үзүүлээгүй гурвалсан сөрөг хөхний хорт хавдрын үед гарсан үр дүн онцгой ач холбогдолтой байлаа. Хавсарсан эмчилгээнд хариу үзүүлсэн амьтдын хавдар бүрэн арилсан” гэж эрдэмтэд мэдээлэв.
CDK2-ыг дарангуйлах нь зөвхөн хавдрын эсүүдэд нөлөөлдөггүй нь мөн тогтоогджээ. Энэ нь хавдар дахь дендрит эсийн тоог нэмэгдүүлж, хавдрын антигенийг барьж авч T эсүүдэд танилцуулах чадварыг нь сайжруулсан байна. Ийнхүү уг эм нь хорт хавдрын эсийг дархлааны тогтолцоонд илүү өртөмтгий болгохын зэрэгцээ хавдрыг таних дархлааны чадварыг давхар нэмэгдүүлдэг.
Хорт хавдрын геномын атласын өгөгдөлд хийсэн шинжилгээгээр cyclin E-CDK2-ийн хэт идэвхжил нь уушги, элэг, давсаг, өндгөвч, гэдэсний хорт хавдар, мөн меланома, лимфома зэрэг олон төрлийн хавдрын үед дархлаатай холбоотой генүүдийн идэвх дарагдахтай холбоотой болохыг харуулжээ. Цаашид судлаачид энэ аргыг эмнэлзүйн туршилтаар шалгахаар төлөвлөж байна.
