Португалийн шигшээ баг болон Саудын Арабын “Аль-Наср” клубийн довтлогч Криштиану Роналду олон жилийн хамтрагч, модель Джорджина Родригестой харилцаагаа албан ёсоор баталгаажуулжээ. Португалийн Jornal de Notícias сонины мэдээлснээр, хос хуримын ёслолоос нэг өдрийн өмнө гэрлэлтийн гэрээ байгуулсан байна.
Гэрээний дагуу Роналду, Родригес нар тусдаа өмчийн дэглэм сонгосон байна. Өөрөөр хэлбэл, гэрлэхээс өмнө эзэмшиж байсан хөрөнгө нь тус бүрийнхээ өмч хэвээр үлдэх юм.
Хуримын дараа худалдаж авсан аливаа хөрөнгө тухайн хөрөнгийг хэний нэр дээр бүртгүүлснээс хамаарч эзэмшигдэнэ. Харин хос хамтран ямар нэг зүйл худалдан авахаар шийдвэл тухайн хөрөнгө хоёр хүний хамтын өмч болох аж.
Овгоо өөрчлөөгүй байна
Гэрлэлтийн гэрчилгээнд хос Саудын Арабын Эр-Рияд хотод байнга оршин суудаг гэж тэмдэглэгдсэн байна.
Мөн гэрлэсний дараа Криштиану ч, Джорджина ч овгоо өөрчлөөгүй гэж мэдээлжээ.
