АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх мэдээллийг маш нухацтай судлах ёстой гэж мэдэгдлээ. Тэрээр энэ байр сууриа Цагаан ордны аппаратын орлогч дарга Стивен Миллерийн эхнэр Кэти Миллерийн подкастад оролцох үеэрээ илэрхийлсэн байна.
Хуйвалдааны онолуудын аль нэгэнд итгэдэг эсэхийг асуухад Рубио НЛО-гийн сэдвийг удаан хугацаанд сонирхон судалж ирснээ хэлжээ. Гэхдээ тэр үүнийг шууд “хуйвалдааны онол” гэж нэрлэхгүй гэдгээ онцолсон байна.
“Манай цэргийн объектуудын дээгүүр ямар нэг зүйл нисэж байна”
“Би үүнийг хуйвалдааны онол гэж нэрлэхгүй. Би энэ нь хэн, юу болохыг мэдэхгүй. Гэхдээ манай цэргийн объектуудын дээгүүр ямар нэг зүйл нисэж байна, тэр зүйл биднийх биш. Үүнийг судлах хэрэгтэй, маш нухацтай хандах ёстой” гэж Рубио мэдэгджээ.
Тэрээр мөн АНУ өөрийн агаарын орон зайд юу нисэж байгааг мэдэх ёстой гэж хэлсэн байна.
“Би хариултыг мэдэхгүй, би зөвхөн асуулт тавьж байна. Бид агаарын орон зайд маань юу нисэж байгааг мэдэх ёстой” гэж Төрийн нарийн бичгийн дарга үргэлжлүүлэн ярьжээ.
Пентагон НЛО-гийн архивын шинэ багц нийтэлжээ
Рубио зарим хүн НЛО-той холбоотой мэдээллийг судлах асуудлыг хуйвалдааны онолын өнцгөөс харж магадгүйг хүлээн зөвшөөрсөн байна. “Хүмүүс бид ямар нэг зүйл нууж байна гэж боддог. Гэхдээ хэрэв бид, энэ засаг захиргаа ямар нэг зүйл мэдэж байсан бол Ерөнхийлөгч Дональд Трамп үүнд маш идэвхтэй оролцох байсан гэдгийг баттай хэлье. Прайм-таймд мэдэгдэл хийж, зураг, бичлэг үзүүлэх байсан” гэж тэр хэлжээ.
8-р сарын 7-нд Пентагон НЛО-той холбоотой архивын тав дахь багцыг нийтэлсэн байна. Үүнд Ойрх Дорнодод авсан хэд хэдэн видео бичлэг багтжээ. 2025 он гэж огноолсон нэг бичлэгт орон сууцны байшингуудын дээгүүр нисэж буй бөмбөлөг хэлбэртэй биет харагдсан байна.
Пентагоны мэдэгдэлд тус байгууллага нэмэлт файлуудыг цаашид тогтмол нийтэлнэ гэж дурджээ. Баримтуудын эхний хэсгийг 5-р сарын 8-нд олон нийтэд ил болгосон байна.
2-р сард Дональд Трамп АНУ-ын засгийн газар таамаглагдаж буй харь гарагийн амьдрал болон үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй холбоотой баримтуудыг нийтэлж эхэлнэ гэж амласан. Тэрээр Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон холбогдох бүх байгууллагад “харь гарагийн болон дэлхийн бус амьдрал, үл мэдэгдэх аномаль үзэгдэл, үл мэдэгдэх нисдэг биетүүд, мөн энэ маш төвөгтэй боловч онц сонирхолтой, чухал сэдэвтэй холбоотой бусад мэдээлэл”-ийн талаарх засгийн газрын баримтуудыг илрүүлж, нийтлэх үйл явцыг эхлүүлэх үүрэг өгнө гэж мэдэгджээ.
