Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг мэдээлэл хийлээ. Тэрбээр БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилт болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн явц удаашралтай байгааг онцолсон байна.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Төслийн хэрэгжилт удаашрахад оролцогч тал олон байгаа болон Монгол Улс сүүлийн 30 орчим жил томоохон үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгээгүйгээс инженерчлэл, дэд бүтцийн чиглэлээр хүндрэл үүсэж буй нь нөлөөлж байна гэж тайлбарлав.
Үүнтэй холбоотойгоор инженерчлэл, дэд бүтцийн магадлагаа хийх, Монголын талын хариуцаж буй ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгчээ. Тодруулбал, Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Чингис хаан Үндэсний баялгийн сангийн ТУЗ-ын даргад чиглэл өгсөн байна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлууд:
- Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;
- инженерчлэл, дэд бүтцийн магадлагаа хийх;
- төслийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрээр хөгжүүлэх;
- үйлдвэрийн талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах;
- үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх.
Б.Батцэцэгийн мэдээлснээр, Нефть боловсруулах үйлдвэрийг дагаж олон жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Иймээс төслийг цаашид үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрээр хөгжүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх чиглэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад өгчээ.
Мөн стратегийн чухал ач холбогдол бүхий тус үйлдвэрийн талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэр гаргасан байна. Үйлдвэр ашиглалтад орсны дараа шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр ажиллахыг Боловсролын сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайд нарт үүрэг болгожээ.
Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээхээр болсон байна. Тус зөвлөл хоёр дэд даргатай ажиллах бөгөөд нэг даргаар нь хуулийн дагуу Зам тээврийн сайд ажиллана.
Харин нөгөө дэд даргаар Б.Болд буюу олон нийтэд “Моод Болдоо” нэрээр танигдсан хүнийг томилжээ. Үндэсний зөвлөл иргэд, жолооч, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний зөв соёл хэвшүүлэх чиглэлд ажиллах юм.
Б.Батцэцэгийн хэлснээр, зөвлөлийн дүрмийг өнөөдөр баталсан бөгөөд бүрэлдэхүүнд салбарын сайд нар болон хувийн хэвшлийн төлөөлөл багтсан 12 хүний ажлын хэсэг ажиллана. Цаашид иргэд хотын соёлд нийцэн амьдрах, замын хөдөлгөөний сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон нийтийн сурталчилгааг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
