Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд сонсогчдодоо зориулан “Баярлалаа” нэртэй шинэ уран бүтээлээ хүргэлээ. Энэхүү дуу нь түүний чин сэтгэлийн аялгуу, үгсээ сонсогчидтойгоо хуваалцаж буй илэрхийлэл болж байгааг уран бүтээлч өөрөө онцолсон юм.
“‘БАЯРЛАЛАА’ нэртэй шинэ дуугаа та бүхэндээ зориулж байна. Энэ дуу миний ЧИН сэтгэлийн АЯЛГУУ бас ҮГС байх болно.” — Дуучин Д.Болд
Нийгэмд эерэг уур амьсгал түгээх зорилгоор тэрээр ирэх наймдугаар сарын 15-ны өдөр “Socialpay Park”-т “ХАЙРЫН ХҮЧ” бие даасан тоглолтоо олон нийтэд үнэ төлбөргүй хүргэхээр бэлтгэж байна.
Түүнчлэн энэ жил түүний бие даасан уран бүтээлчээр ажилласны 21 жил, “Камертон” хамтлагт дуулсны 31 жилийн ой тохиож байгаа юм. Уран бүтээлийн түүхэн ойн хүрээнд дуучин Д.Болд хувийн зардлаараа Улаанбаатар хотод олон улсын стандартад нийцсэн шинэ цэцэрлэг барьж бэлэглэхээр болсон нь олон нийтийн талархлыг хүлээж байна.
