Монголын холимог тулааны тамирчин Батбаярын Намсрай UFC-ийн октагонд хийх эхний тулааныхаа товыг албан ёсоор авлаа. Тэрээр ирэх наймдугаар сарын 29-ний Бямба гарагт БНХАУ-ын Шанхай хотноо болох тэмцээнд Бразилын тамирчин Андре Лиматай нударга зөрүүлэхээр болсон юм. Умар Нурмагомедов, Сон Ядунг нарын гол тулааны өмнөх чансаа ахиулах картын хүрээнд болох уг тулааны өмнө манай тамирчны өрсөлдөгчийн талаарх онцлох мэдээллийг хүргэж байна.
Б.Намсрайн UFC дэх анхны сорилт
Өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын тамирчин Шуай Иенийг буулган авснаар UFC-д тулалдах эрхээ баталгаажуулсан Б.Намсрай нь тус холбооны дэвжээнд хөл тарьж буй Монгол Улсын гурав дахь тамирчин болж байгаа билээ. Шанхайд болох энэхүү тоглолт нь түүний хувьд дэлхийн хамгийн том холимог тулааны холбоонд өөрийгөө чангилуулж, чансаагаа ахиулах хариуцлагатай дэвжээ болох юм.
Заналт өрсөлдөгч Андре Лимагийн замнал
Өдгөө 27 настай Бразил тулаанч Андре Лима нь 2024 оны гуравдугаар сард UFC-д хийсэн анхны тулаанаараа олон улсын спортын хэвлэлүүдийн анхаарлыг ихээхэн татсан нэгэн. Түүний октагон дахь дебют тулааны үеэр нутаг нэгт Игорь Северино нь түүнийг хазсаны улмаас шүүгчийн шийдвэрээр ялагдал хүлээж, UFC-ээс бүрмөсөн хасагдаж байв. Спортын түүхэнд “Bite of the Night” хэмээн алдаршсан энэхүү явдлын дараа Лимад 50,000 ам.долларын урамшуулал олгосон бөгөөд тэрээр хазуулсан булчин дээрээ тухайн мөчийг дүрсэлсэн шивээс хийлгэж байжээ.
Анхны тулааныхаа дараа А.Лима амжилтаа үргэлжлүүлэн Мич Рапосо, Фелип Дос Сантош, Даньел Барез нарыг дараалан ялсан ч өнгөрсөн оны зургаадугаар сард Кэвин Борхаст дийлдсэн үзүүлэлттэй байгаа юм. Ташрамд дурдахад, А.Лима хоёр жилийн өмнө Монголын тамирчин Т.Нямжаргалтай тулалдахаар товлогдож байсан ч манай тамирчин визийн асуудлаас болон тулаанаа цуцлахад хүрсэн түүхтэй.
