Нийслэлийн шуурхай удирдлагын зөвлөгөөнийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадна талбайд зохион байгуулж, тухайн бүс нутагт тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх зарчмаар цаашид дүүрэг бүрд хуралдуулж байхаар тогтов. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хотын хэмжээнд хийгдэж буй бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тухайлбал, НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын 17-р бага хурал болоход 14 хоногийн хугацаа, хичээлийн шинэ жил эхлэхэд 28 хоног үлдээд байгаа тул 1,8 сая оршин суугчтай нийслэлийн бэлтгэл хангалтыг тусгайлан хэлэлцсэн байна.
14 хоног тутамд шийдвэрээ танилцуулах ба үерийн бүсэд ажиллана
Энэхүү уулзалтын үеэр цаашид 14 хоног тутамд “Улаанбаатарын цаг” арга хэмжээг зохион байгуулж, нийслэлээс иргэдийн сайн сайхны төлөө гаргаж буй шийдвэр, үйл ажиллагааг ил тод тайлагнахаар болсныг мэдэгдлээ. Энэ хүрээнд замын хөдөлгөөний зохицуулалт, нийтийн тээвэр, авто зам болон дугуйн замтай холбоотой шийдвэрүүдийг олон нийтэд танилцуулах юм.
Түүнчлэн, өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан С.Зориг агсны хөшөөтэй холбоотой хэрэгт хууль зөрчсөн этгээдүүдийг тогтоон, эхнээс нь хариуцлага тооцож эхэлснийг Хотын Захирагч онцлов. Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа Хан-Уул дүүргийн Био-Комбинат болон Өлзийт хороолол орчмын үерийн нөхцөл байдалтай биечлэн танилцахаар мордохоо дурдсан юм.
