НүүрБоловсролХотын захиргаа дуучин Д.Болдын цэцэрлэг барих санаачилгыг дэмжлээ

Хотын захиргаа дуучин Д.Болдын цэцэрлэг барих санаачилгыг дэмжлээ

Төрийн соёрхолт дуучин, продюсер Д.Болд бие даасан уран бүтээлчийн хувиар 21 дэх жилдээ, харин “Камертон” хамтлагийн гишүүний хувиар 31 дэх жилдээ соёл урлагийн салбарт тасралтгүй зүтгэж байна. Тэрээр уран бүтээлийн ойнхоо хүрээнд нийгэмд тустай эерэг өөрчлөлт авчрахыг уриалж, өөрийн хувийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод хүүхдийн цэцэрлэг барих тухай санал дэвшүүлжээ. Энэхүү хүмүүнлэгийн ажлын хүрээнд тэрээр өнөөдөр буюу 2026.06.30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай албан ёсны уулзалт хийсэн байна.

Уулзалтын үеэр Төрийн соёрхолт дуучин Д.Болд Улаанбаатар хотын иргэний болон ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчийн хариуцлагатай хувиар хүүхэд багачуудын төлөө бодитой бүтээн байгуулалт өрнүүлэхээр сэтгэл шулуудсанаа илэрхийлэв. Тэрээр хотын дарга Б.Пүрэвдагвад албан ёсны хүсэлтээ гардуулан өгч, уг ажлыг холбогдох журмын дагуу шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс хүүхдийн төлөөх энэхүү бүтээлч хандлагыг бүрэн дүүрэн дэмжиж, бүх талын туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Хотын захиргаанаас “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” концепцийг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нь хамгийн чухал асуудлын нэг гэдгийг Б.Пүрэвдагва дарга онцолсон. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хүүхдийн цэцэрлэг огт байхгүй нийт 24 хороо байгаа бөгөөд цэцэрлэг нэн тэргүүнд шаардлагатай байгаа байршлуудыг хотын захиргаанаас дараах байдлаар санал болгов:

  • Баянзүрх дүүргийн Олимп хотхон, Улаанхуаран орчим
  • Баянгол дүүргийн Голден парк орчим
  • Хан-Уул дүүргийн Хүннү хороолол орчим

Хотын дарга Б.Пүрэвдагва эдгээр тулгамдсан бүсүүдэд газрын зөвшөөрөл олгохоос эхлээд бусад холбогдох дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр бизнес болон төр, иргэний харилцааг илүү хялбар болгох, төрийн үйлчилгээг сайжруулах чиг үүрэг бүхий зохицуулагчийн ажлыг Б.Сэмжидмаа хариуцан ажиллаж байгааг дурдсан юм. Уулзалтын төгсгөлд нийслэлийн удирдлага иргэн бүрийн идэвхтэй оролцооны ачаар илүү соёлтой, цэвэр цэмцгэр, аюулгүй Улаанбаатар хотыг хамтдаа бүтээн байгуулж чадна гэдгийг онцлон тэмдэглэв.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд