Цаг уур, орчны шинжилгээний газраас (ЦУОШГ) ирүүлсэн долдугаар сарын цаг агаарын урьдчилсан тоймоор Монгол орны баруун болон зүүн бүс нутгуудад агаарын хэм харилцан адилгүй байх төлөв ажиглагдлаа. Тодруулбал, ирэх сард баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур уур амьсгалын дунджаас дулаан байх бол зүүн зүгийн нутгаар эсрэгээрээ сэрүүсэх хандлагатай байна. Хур тунадасны тухайд баруун зүгт олон жилийн дунджаас бага хур орохоор байгаа бол зүүн хойд зүгийн нутгуудаар дунджаас ахиу, бусад газар нутгаар хэвийн хэмжээнд бороо орох төлөвтэй байна.
Сарын эхэн үеэр баруун зүгт халуун байх хэдий ч зүүн аймгуудаар агаарын хэм эрс бууж, цахилгаан цахиж, аадар бороо орох эрсдэл өндөр байна. Иймд малчид, тариаланчид болон амралт зугаалгаар хол замд гарах гэж буй иргэд богино хугацааны нарийвчилсан мэдээллийг тогтмол хянах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөлөө. Үндэсний их баяр наадмын өдрүүд тохиох хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар цаг агаар тааламжтай, дулаан байх хэдий ч зүүн зүгийн нутгаар сэрүүн, бороотой өдрүүд үргэлжилж болзошгүйг анхааруулж байна. Харин сарын сүүлч буюу гуравдугаар арав хоногт зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох магадлал улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
Долдугаар сарын цаг агаарын төлөвийг бүс нутгуудаар нарийвчлан авч үзвэл нутаг бүрт харилцан адилгүй дүр зураг ажиглагдаж байна. ЦУОШГ-аас гаргасан бүсчилсэн урьдчилсан мэдээллийг дараах байдлаар нэгтгэлээ:
- Баруун аймгууд: Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр хэвийн, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Баянхонгорын нутаг, Завхан, Говь–Алтайн зүүн хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар бага байх төлөвтэй. Сарын нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүл үеэр сэрүүсэх бол нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр халуун байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
- Төвийн аймгууд: Агаарын температур нийт нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар хэвийн байна. Сарын эхээр дулаан байх ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр дунджаас 1-2°C-аар бага буюу сэрүүн байх бол хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр харьцангуй дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орж, салхи ширүүснэ.
- Зүүн аймгууд: Хэнтийн баруун хэсгээс бусад нутгаар дунджаас сэрүүн, хур тунадас Дорнодын өмнөд хэсгээс бусад нутгаар ахиу байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн байх ба ялангуяа эхэн үеэр ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 3–5°C–аар бага байхаар байна. Сарын хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеэр сэрүүн байх төлөвтэй бөгөөд нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр бороо орж, салхи ширүүсэх нөхцөл бүрдэнэ.
- Говийн аймгууд: Өмнөговь аймгийн баруун хэсгээр дунджаас дулаан, бусад нутгаар хэвийн байх ба хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр сэрүүсэх төлөвтэй бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд харьцангуй дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай.
Уг мэдээллээс үзэхэд ирэх сард иргэд цаг агаарын огцом өөрчлөлтөд бэлтгэлтэй байх нь чухал юм. Ялангуяа сарын сүүл рүү орох тунадасны хэмжээ, салхины хүч нэмэгдэх тул болзошгүй байгалийн үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
