Монгол Улсын түүх, хосгүй үнэт соёлын өвийг дэлхий нийтэд сурталчлах ээлжит томоохон хэмжээний “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хотноо албан ёсоор үүд хаалгаа нээлээ.
Энэхүү түүхэн соёлын үйл явдал зургаадугаар сарын 25-ны өдөр Их Британийн хамгийн нэр хүндтэй соёлын голомтуудын нэг болох Эзэн хааны зэвсгийн музейд эхэлсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Европын үзэгчдийн хүртээл болох юм.
Өмнө нь Франц, Чех, Швейцар, Япон, Итали зэрэг улсуудад амжилттай зохион байгуулагдаж байсан уг тусгай үзэсгэлэн ийнхүү Их Британид үргэлжилж байгаа нь хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болж байна.
Нүүдлийн иргэншлийн үнэт өв ба шинжлэх ухааны ач холбогдол
Үзэсгэлэнг нээж “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун тус арга хэмжээний гол үзэл баримтлал, ач холбогдлыг дараах байдлаар тодотголоо.
“Их эзэн Чингис хаан болон түүний үр хойчсын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөө, түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй дэлгэн харуулах, нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлог, үнэт өвийг сурталчлахын зэрэгцээ Монголын болон олон улсын судлаачдын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэж буйгаараа онцлог юм.”

Музейнүүдийн нэгдэл: Түүх өгүүлэх 437 ховор үнэн үзмэр
Энэхүү үзэсгэлэнг гаргахын тулд Монгол Улсын соёлын гол голомт болсон олон арван музей, эрдэм шинжилгээний байгууллагууд сан хөмрөгөө нэгтгэсэн байна. Үзэсгэлэнд нийт 255 дэсийн 437 ховор үзмэрийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд дараах байгууллагуудын түүхэн олдворууд багтжээ:
- “Чингис хаан” үндэсний музей
- Монголын Үндэсний музей
- ШУА-ийн Археологийн хүрээлэн
- Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
- Хархорин музей
- Дундговь аймгийн музей
- Завхан аймгийн музей
Түншлэгч тал: Эзэн хааны зэвсгийн музей (Royal Armouries Museum)
Үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч Их Британийн Эзэн хааны зэвсгийн музей нь тус улсын үндэсний хэмжээний зэвсэг, хуяг дуулгын цуглуулгыг хадгалдаг бөгөөд дэлхийн хамгийн баялаг, нэр хүндтэй, түүхэн ач холбогдолтой цуглуулгуудын нэгээр зүй ёсоор тооцогддог байна. Тус музейтэй хамтарсан нь Монголын түүхийг Европын түүхтэй холбон тайлбарлахад маш том гүүр болж буйг албаныхан мэдээлэв.
Уг түүхэн нээлтийн албан ёсны арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн дараах албаны зочид оролцлоо:
- Б.Сэргэлэн — Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх
- Б.Даваацэрэн — ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга
- Д.Отгонсүрэн — Монголын Үндэсний музейн захирал
