Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэрийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко-г хүлээн авч уулзлаа.
75 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ
Уулзалтын үеэр талууд хоёр орны хоорондын өргөн хүрээтэй түншлэлийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг уялдуулах, дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
С.Ганбаатар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 томоохон төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчид, аж үйлдвэрийн паркуудын шинэ инноваци, технологийн туршлагыг нэвтрүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. Байнгын хорооноос эдгээр төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага хуваалцана
С.Ганбаатар мөн хоёр улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөтгөх, мэдээлэл, зөвлөмж солилцох санал дэвшүүлж, Польшийн KGHM корпорацын зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүдийг жишээ болгон дурдав.
Мөн тэрбээр Польшийн гэр ахуйн, микро, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хүнс болон хөнгөн үйлдвэрийн хөгжлийн туршлагыг судлах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Элчин сайд Бойко: Харилцан итгэлцэл, хүндлэлийг бэхжүүлнэ
Элчин сайд Кшиштоф Бойко хоёр улсын харилцан хүндлэл, итгэлцэл дээр суурилсан түншлэл нь хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэх үндэс суурь болно гэдгийг онцоллоо. Тэрбээр уурхайн баяжуулалт, эрх зүйн орчин, технологийн дэвшил зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдав.
Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Уянга, Ж.Золжаргал нар мөн оролцсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.