АНУ-ын Атланта хотноо зохион байгуулагдаж буй цахим спортын “IEM Atlanta 2026” тэмцээнээс манай тамирчин Senzu-гийн харьяалагддаг “BC.Game” баг харамсалтайгаар хасагдлаа. Энэ сарын 11-нээс 17-ны хооронд үргэлжлэх тус тэмцээний эхний шатанд тэд “B8 Esports” багтай тулж, 2:0 (Overpass 13:2, Mirage 13:11) гэсэн харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм.
Тус тоглолтын дараа “BC.Game” багийн мэргэн бууч, дэлхийн шилдэг тоглогчдын нэг Александр “s1mple” Костылев өөрийн цахим хуудсаараа дамжуулан багийн тоглолт болон гишүүддээ шүүмжлэлтэй ханджээ. Тэрээр багийн нэгдмэл байдал болон төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүйг ялагдлын гол шалтгаан хэмээн үзсэн байна.
“s1mple”-ийн зүгээс гаргасан тайлбарт дараах гол гомдлуудыг дурджээ:
- Төлөвлөгөө алдагдсан: Тоглолтын эхнээс л боловсруулсан тактикаа барьж ажиллаагүй нь тоглоход маш хүндрэлтэй байсан.
- Бэлтгэлийн чанар: Энэ бүрэлдэхүүнээрээ тав хоногийн турш эрчимтэй бэлтгэл хийсэн ч тэмцээний талбарт ямар ч үр дүн гарсангүй.
- Гүйцэтгэл: Тэмцээнээс ийм эрт хасагдаж байгаад туйлын сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн.
“BC.Game” баг ийнхүү хоёр дараалан хожигдол хүлээснээр “IEM Atlanta 2026” тэмцээнийг орхисон анхны баг болж байна. Тэд нийт 13-16 дугаар байрт жагсаж, 4000 ам.долларын шагналтайгаар нутаг буцахаар боллоо.

Тэмцээнд оролцсон “BC.Game” багийн бүрэлдэхүүн:
- Александр “s1mple” Костылев
- Денис “electroNic” Шарипов
- Робин “ScrunK” Рёпке
- Азбаяр “Senzu” Мөнхболд
- Адонес “krazy” Нобре
Хэдийгээр бэлтгэл сургуулилт хийсэн ч багийн дотоод ойлголцол болон тактикийн гүйцэтгэл хангалтгүй байсан нь ийнхүү дэлхийн хэмжээний одыг бухимдуулахад хүргэв. Дараагийн тэмцээнүүдэд бүрэлдэхүүнд өөрчлөлт орох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
