Говийн гайхамшигт 6 амьтны нэг болох хулан буюу зэрлэг илжиг нь Монгол орны ховор амьтдын нэг юм. Дэлхийн нийт хулангийн 80 гаруй хувь Монголд нутагладаг бөгөөд биеийн урт 220 см, мундаагаараа 137 см өндөр, сүүл 49 см, жин 200 кг хүрдэг байна.
Хулан нь гэрийн адуунаас толгой том, чих урт, сүүлний зөвхөн үзүүр хэсэгтээ шингэхэн богино хялгастай, хул зүстэйгээрээ ялгардаг. Сүүлийн 2-3 жилд цаг агаарын нөхцөл, амьдрах орчны өөрчлөлтөөс шалтгаалан тархац нь ихээхэн хумигдаж, ашиг хонжоо хайсан хүмүүсийн хууль бус үйлдлийн золиос болсноор тоо толгой нь эрс буурчээ.
Тус амьтныг Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд эмзэг, бүс нутгийн хэмжээнд ховордсон зүйл гэж тодорхойлсон байдаг. Монгол Улсад хуланг агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Монгол Улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын ховор амьтны хавсралтад бүртгэн, Монгол Улсын улаан номд оруулжээ.
Хуланг хамгаалах эрх зүйн зохицуулалт:
- 1953 оноос агнахыг хуулиар хориглосон
- 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны хавсралтад бүртгэсэн
- Монгол Улсын улаан номд оруулсан
- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн мэдээллийг иргэдээс төлбөртэй авах зохицуулалттай
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйлд “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар заасан байна. Иймд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарт мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас зөвлөжээ.
