Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замд засвар, шинэчлэлийн ажил хийхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор тус замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 15-ны 00:00 цагаас тавдугаар сарын 18-ны 05:00 цаг хүртэл бүрэн хаах юм байна.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас жолооч, иргэдэд бусад чиглэлийн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Засварын ажлыг зуслангийн бүсийн Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэлх хэсэгт хийх бөгөөд нийт ₮4.5 тэрбумын төсөвтэйгээр хэрэгжүүлэх аж.

Энэ онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалт, шинэчлэлд их хэмжээний хөрөнгө төсөвлөжээ. Тодруулбал:
- Авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэх ажилд — ₮160.8 тэрбум
- Нийслэлийн есөн дүүргийн авто замын засвар, арчлалтад — ₮50.6 тэрбум
Нийслэлийн төсөвт дээрх хөрөнгийг тусган баталсан бөгөөд замын засвар, шинэчлэлийн ажлууд үе шаттай үргэлжлэхээр байна.
