Хойд Солонгос улс ОХУ-д цэргийн тусламж үзүүлж, зэвсэг техник нийлүүлснийхээ хариуд сүүлийн гурван жилийн хугацаанд 13 орчим тэрбум ам.долларын ашиг олсон тухай Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдээллээ. Энэхүү үзүүлэлт нь Пёньяны эдийн засгийн хувьд асар том орлогын эх үүсвэр болж байна. Харьцуулбал, НҮБ-ын судалгаагаар тус улсын 2024 оны ДНБ 17.2 тэрбум ам.доллар байсан бол БНСУ-ын Төв банк 25.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан юм.
Шинжээчдийн үзэж буйгаар Пёньян Москвад сум хэрэгсэл, пуужин болон цэрэг нийлүүлснийхээ хариуд дараах дэмжлэгүүдийг авч байна. Үүнд:
- Их хэмжээний бэлэн мөнгө болон эрчим хүчний нөөц;
- Цэргийн стратегийн чухал технологиуд;
- Олон улсын хориг арга хэмжээг тойрч гарах эдийн засгийн боломжууд.
2022 онд Украины дайн эхэлснээс хойш хоёр улсын харилцаа цэрэг, эдийн засаг, соёлын салбарт эрчимтэй гүнзгийрсэн. Ялангуяа 2024 онд байгуулсан “Харилцан хамгаалах гэрээ”-ний дагуу аль нэг тал руу нь гадны халдлага ирсэн тохиолдолд шууд цэргийн тусламж үзүүлэхээр тохиролцсон нь олон улсын анхаарлыг татаж байгаа юм.
Өмнөд Солонгосын тагнуулын мэдээллээр, энэ оны хоёрдугаар сарын дунд үеийн байдлаар Украины фронтод байлдаж байсан Хойд Солонгосын 6,000 орчим цэрэг амь үрэгдэж, эсвэл шархаджээ. Ийм хэмжээний хохирол амссан ч БНАСАУ-ын зүгээс ОХУ руу нэмэлт цэргийн хүч илгээхээр бэлтгэж байж магадгүй гэж зарим эх сурвалжууд анхааруулж байна.
Эх сурвалж: The Moscow Times
