Алтай Холдинг компани, Скай Хайпермаркет ХХК /Имарт Монголиа/ БНСУ-ын Имарттай хамтран “No Brand” дэлгүүрийн сүлжээг Монгол Улсад нэвтрүүлэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү брэнд нь чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог жижиглэн худалдааны сүлжээ юм.
Гарын үсэг зурах ёслолд Алтай Холдинг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг, БНСУ-ын Имарт компанийн төлөөлөл Кан Ён Сог, Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон талуудын удирдлагууд, түнш байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцов.
Арга хэмжээний үеэр Б.Баттүшиг “No Brand” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх нь компанийн дараагийн стратегийн томоохон алхам болохыг онцолсон байна. Тэрээр хэрэглэгчид өдөр тутмын худалдан авалтаа илүү ухаалгаар төлөвлөж, боломжийн үнэтэй хэрнээ чанартай бүтээгдэхүүн сонгох хэрэгцээ нэмэгдэж буй нь уг төслийг эхлүүлэх гол үндэслэл болсон гэж тэмдэглэжээ.
Төслийн гол мэдээлэл:
- Хэрэгжүүлэгч — Скай Хайпермаркет ХХК /Имарт Монголиа/
- Хамтрагч — БНСУ-ын Имарт
- Монголд нээх анхны салбар — 2026 онд
- Байршил — Улаанбаатар хот
- Төлөвлөсөн салбарын тоо — 3
“No Brand” төслийг Монголд Имарт нээгдсэний 10 жилийн ойтой давхцуулан эхлүүлж байна. Төлөвлөгөөний дагуу 2026 онд Улаанбаатар хотод анхны “No brand” 3 салбар дэлгүүр үүд хаалгаа нээхээр төлөвлөжээ.
“No Brand” нь БНСУ-ын Имарт компанийн хөгжүүлсэн, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнийг боломжийн үнээр борлуулдаг брэнд юм. Тус сүлжээ нэмэлт сурталчилгааны зардал шингээгүй, зөв түүхий эд болон оновчтой үйлдвэрлэлийн арга барилд тулгуурласан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой.
