HomeШинжлэх ухаан ба технологиOpenAI Илон Маскыг компанийн хөрөнгөөр Ангараг дээр хот байгуулахаар төлөвлөж байсан гэж...

OpenAI Илон Маскыг компанийн хөрөнгөөр Ангараг дээр хот байгуулахаар төлөвлөж байсан гэж буруутгав

Одоогийн байдлаар OpenAI компанитай шүүхдэлцэж буй Америкийн тэрбумтан Илон Маск 2017 онд тус компанийг ашгийн төлөөх байгууллага болгон өөрчилж, хяналтын багц хувьцааг нь эзэмшихийг хүсэж байжээ. Үүний гол зорилго нь олсон ашгаараа Ангараг гараг дээр хот байгуулах байсан гэж OpenAI-ийн ерөнхийлөгч Грэг Брокман шүүх хурал дээр мэдүүлснийг Reuters агентлаг дамжууллаа.

Маскын зүгээс анх ашгийн бус байхаар үүсгэн байгуулагдсан OpenAI нь Microsoft-оос тэрбум тэрбум долларын дэмжлэг авч, ашгийн төлөөх бүтэц рүү шилжихээр төлөвлөж байгааг анхны эрхэм зорилгоосоо ухарсан хэрэг гэж үзэж байна. Тэрээр 150 тэрбум ам.доллар хүртэлх нөхөн төлбөр шаардаж байгаа бөгөөд энэ мөнгийг 2015 онд байгуулагдсан OpenAI Foundation (анхны ашгийн бус бүтэц) руу шилжүүлэх ёстой гэж үзжээ. Мөн бизнесмен шүүхээс компанийн ашгийн бус статусыг сэргээж, Сэм Алтман болон Грэг Брокман нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг хүсэж байна.

Брокманы хэлснээр, 2017 онд Маск өөрөө OpenAI-ийг ашгийн төлөөх компани болгохыг санал болгож байжээ. Учир нь ашгийн бус хэлбэрээр хиймэл оюун ухааны дэвшилтэт загвар бүтээхэд шаардлагатай асар их хөрөнгийг босгоход хүндрэлтэй байсан аж. Гэхдээ Маск энэ тохиолдолд компанийн хяналтын багц хувьцааг эзэмшиж, удирдагч нь болох нөхцөл тавьсан байна. Тухайн үед энэ албан тушаалд өрсөлдөх цорын ганц өөр нэр дэвшигч нь одоогийн гүйцэтгэх захирал Сэм Алтман байсныг Брокман тодотгов.

Тэрээр уулзалтын үеэр Маск бизнес эрхлэх туршлагаа үндэслэн компанийг удирдах эрхтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Маск энэхүү хувьцааны ашгаар Ангараг гараг дээр бие даан орших хот байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа шууд хэлж байжээ.

“Тэрээр Ангараг дээр хот байгуулахад 80 тэрбум доллар хэрэгтэй гэж хэлсэн. Эцсийн дүндээ түүнд бүрэн хяналт л хэрэгтэй байсан” хэмээн Брокман хэлээд, Маск энэхүү хяналтаас хэзээ татгалзахаа өөрөө шийдэхийг хүссэн гэж нэмж дурдлаа.

Илон Маск Ангараг болон Сар руу аялах, тэнд хот байгуулах тухай удаа дараа ярьж ирсэн. 2025 оны 3 дугаар сард тэрээр SpaceX-ийн зорилго бол 20-30 жилийн дотор Ангараг дээр “бие даасан иргэншил” бий болгох явдал гэж тайлбарлаж байв.

SpaceX-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нэгдүгээр сард хэрэв корпорацын үнэлгээ 7.5 их наяд ам.долларт хүрч, Ангараг дээр 1 саяас доошгүй хүн амтай байнгын колони байгуулж чадвал Маскт 200 сая ширхэг давуу эрхийн хувьцаа олгохыг зөвшөөрчээ. Гэсэн хэдий ч SpaceX компани 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан Ангараг руух нислэгээ хойшлуулж, NASA-ийн сарны хөтөлбөрт анхаарлаа хандуулахаар болсныг The Wall Street Journal эх сурвалжаас иш татан мэдээллээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд