Их Британийн Хаан III Чарльз АНУ-ын Конгресст үг хэлэхдээ НАТО-гийн эв нэгдэл болон Украины асуудалд “тууштай шийдмэг” байхыг уриаллаа.
Энэ талаар The New York Times мэдээлэв. Британийн монарх Америкийн хууль тогтоогчдын өмнө 1991 оноос хойш анх удаа илтгэл тавьж буй нь энэ юм. III Чарльз энэхүү уулзалт нь Европоос Ойрхи Дорнод хүртэлх цэргийн мөргөлдөөн олон улсын хамтын нийгэмлэгт сорилт болж буй тодорхойгүй цаг үед тохиож байгааг онцолжээ.
Түүнчлэн Их Британийн Хаан Цагаан ордонд болсон төрийн хүлээн авалтын үеэр Ерөнхийлөгч Трампын нэгдүгээр сард хэлсэн мэдэгдэлд хариу барьсан байна. Трамп тухайн үед Дэлхийн хоёрдугаар дайнд АНУ ялаагүй бол “хүн бүр германаар, магадгүй бага зэрэг японоор ярих байсан” хэмээж байв.
“Ерөнхийлөгч өө, та саяхан хэрэв АНУ байгаагүй бол Европын орнууд германаар ярих байсан гэж тэмдэглэсэн. Тэгвэл бид байгаагүй бол та бүхэн францаар ярих байсан гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу” хэмээн Хаан хошигнон хэлжээ. Тэрээр АНУ тусгаар тогтнолоо олж авахаас өмнө Хойд Америкийн газар нутгийн төлөөх Их Британи, Францын өрсөлдөөнийг ийнхүү сануулсан байна.
