Улаанбаатар хотын хэмжээнд 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш үргэлжлэхээр боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Г.Ялалт энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, залуусыг идэвхтэй оролцохыг уриалсан юм.
Энэ удаагийн цэрэг татлага нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байршлуудад нэгэн зэрэг явагдана. Орон нутгаас зарлан дуудах хуудас авсан боловч цэрэг татлагадаа амжиж оролцоогүй иргэд Улаанбаатар хот дахь цэрэг татлагын товчоодод очиж, эрүүл мэндийн үзлэг болон бусад шалгалтад хамрагдах бүрэн боломжтойг албаны хүн онцолсон юм.
Шалгуулагчид иргэний үнэмлэх болон цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ тогтоосон байранд ирэх ёстой. Хугацаат цэргийн алба хаах хугацаа нэг жил байх бөгөөд залуус Хилийн болон Дотоодын цэргийн анги салбаруудад хуваарилагдан алба хаах ажээ.
Түр чөлөөлөх үндэслэл ба бүрдүүлэх материал
Хэрэв иргэн тодорхой шалтгааны улмаас энэ удаагийн цэрэг татлагаас түр чөлөөлөгдөх хүсэлтэй бол холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
- Ар гэрийн гачигдалтай буюу асран хамгаалах хүн байгаа бол хорооны ам бүлийн тодорхойлолт.
- Эрүүл мэндийн шалтгаанаар алба хаах боломжгүй бол эмнэлгийн хамгийн сүүлийн үеийн үзлэгийн хуудас, баримт бичиг.
- Гадаад улсад ажиллаж, сурч байгаа бол тухайн үйл ажиллагааг нотлох хамгийн сүүлийн огноотой гэрээ, албан бичиг.
Дээрх баримтууд нь шаардлага хангасан тохиолдолд иргэнийг дараагийн цэрэг татлага хүртэл хугацаагаар түр чөлөөлөх шийдвэрийг гаргах юм байна.
Дотоодын цэргийн ангид алба хаасан залууст цаашид цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагад улиран ажиллах давуу тал олгож, урилга хүргүүлж байгааг Г.Ялалт дарга тэмдэглэв. Харин Хилийн цэрэгт алба хаагчид эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудад байрлах заставуудад үүрэг гүйцэтгэж, улсын хилээ хамгаалах хариуцлагатай албанд томилогдоно.
Түүнчлэн энэхүү үйл ажиллагаатай зэрэгцэн өмнөх ээлжийн дайчид халагдах юм. Дөрөвдүгээр сарын 30 болон тавдугаар сарын 1-ний өдрүүдэд хугацаагаа дуусгаж буй залуус халагдах бөгөөд энэ нь шинээр татагдаж буй залууст бахархал, урам зориг төрүүлэхүйц түүхэн давхцал болно гэдгийг онцоллоо.
Дүүргүүдийн цэрэг татлага явагдах байршлууд
Нийслэлийн зургаан дүүргийн цэрэг татлагын товчоод дараах ерөнхий боловсролын сургуулиуд дээр байрлана:
| Дүүрэг | Байрлах сургууль |
| Баянгол | 96 дугаар сургууль |
| Баянзүрх | 14 дүгээр сургууль |
| Сүхбаатар | 3 дугаар сургууль |
| Сонгинохайрхан | 83 дугаар сургууль |
| Чингэлтэй | 5 дугаар сургууль |
| Хан-Уул | 34 дүгээр сургууль |
