Холливудын нэрт жүжигчин Николь Кидман болон кантри дуучин Кит Урбан нарын охид эцэг эхийнхээ салалтад маш ширүүн хандаж, ээжийнхээ талд зогсох болжээ.
Энэ тухай тэдний гаргаж буй авир болон ойрын эх сурвалжуудын мэдээллээс харж болохоор байгааг Daily Mail онцолсон байна. Кидман, Урбан нарыг салсны дараа хүүхдүүд болон эцгийнх нь харилцаа эрс муудсан гэнэ. Тухайлбал, өдгөө 17 настай Сандей өөрийн Инстаграм хуудаснаа аавыгаа дагахаа больсон (unfollow) бол Кит Урбан охиноо дагасан хэвээр байгаа аж. Түүнчлэн Кит Урбан охидоо шинэ найз бүсгүйтэйгээ танилцуулахыг хүссэн ч тэд эрс татгалзжээ. Сандей, Фейт нар ийм байдлаар ээжийгээ дэмжихээр шийдсэн гэж эх сурвалж мэдээлэв.
“Охид одоогоор ээждээ бүх анхаарлаа хандуулж байгаа. Тэд гарч буй бүх өөрчлөлтөд дасан зохицохыг хичээж байгаа бөгөөд өөрсдийн орон зайгаа хамгаалахыг хүсэж байгаа нь зүй ёсны хэрэг” гэж эх сурвалж дурджээ.
Харин Кит Урбаны хувьд хувийн амьдрал болон хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа тэнцвэржүүлэхийг хичээж байгаа гэнэ.
Николь Кидман, Кит Урбан нар 19 жил ханилсны эцэст 2025 оны есдүгээр сарын сүүлчээр салах өргөдлөө өгсөн юм. Хосууд салах болсон шалтгаанаа харилцааны хямралтай холбон тайлбарласан ч хөшигний ард өөр мэдээлэл байна. Кит Урбаныг залуухан уран бүтээлчтэй амраг сэтгэлийн холбоо үүсгэсэн нь салалтын гол шалтгаан болсон гэж зарим эх сурвалжууд үзэж байгаа юм.
