Дөрөвдүгээр сарын 17-ноос 19-ний өдрийг дуустал Монгол орны ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон шуурга, цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдах талаар цаг уурын байгууллага болон Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Энэ хугацаанд зөвхөн салхи ширүүсэхгүй, мөн агаарын температур богино хугацаанд эрс буурч, огцом хүйтрэх төлөвтэй байгааг онцолж байна.
Шуурга баруунаас эхэлж, зүүн нутгаар дуусна
Албаныхны мэдээлснээр, байгалийн энэ аюулт үзэгдэл дөрөвдүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө баруун аймгуудаас эхэлж, 19-ний өдөр зүүн аймгийн зүүн хэсгээр үргэлжлэн ажиглагдсаар дуусах юм байна. Шуурганы үеэр агаарын температур өмнөх хоногтой харьцуулахад 10-20 градусаар буурч, хаврын дулаахан өдөр гэнэт ширүүн хүйтрэлтэй солигдох нөхцөл бүрдэх аж.
Ийм огцом өөрчлөлт нь ялангуяа өглөө тогтуун, дулаахан байсан цаг агаарт хууртан бэлтгэлгүй замд гарсан иргэдэд илүү аюултай нөхцөл үүсгэж болзошгүйг анхааруулжээ.
Баруун болон төвийн нутгаар эхэлж хүчтэй салхи, цасан шуурга дэгдэнэ
Дөрөвдүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхины хурд секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метрийг даван хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна.
Харин дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай нөхцөл үүсэхээр байгаа аж. Мөн энэ өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхины хурд секундэд 24-28 метр хүрч, зарим үед 34 метрээс ч давж, шороон шуурганы гамшигт үзэгдэл болохыг сэрэмжлүүлсэн байна.
Зүүн аймгуудад нөхцөл байдал улам хүндэрнэ
Дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана. Мөн Өмнөговийн зүүн хэсэг, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутгаар цасан болон шороон шуурга зэрэгцэн хүчтэй үргэлжлэх төлөвтэй байна.
Харин дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Дорноговийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй салхи үргэлжилж, цасан болон шороон шуурга аюултайгаас гадна зарим бүсэд гамшигт түвшинд хүрч болзошгүй байгаа юм.
Зам хаагдах, үзэгдэх орчин муудах, осгож хайрагдах эрсдэл өндөр байна
Энэ удаагийн хүчтэй шуурганы улмаас халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх, зам даваа цас болон шороонд хаагдах, үзэгдэх орчин эрс хязгаарлагдах нөхцөл бүрдэхийг онцгойлон анхаарууллаа. Мөн хээр, гадаа явах үед осгож, хайрагдах, төөрөх эрсдэл эрс нэмэгдэх юм байна.
Ялангуяа өглөөний тогтуун, дулаахан цаг агаарт хууртаж нимгэн хувцастай, бэлтгэлгүй хол замд гарснаас болж эрсдэлд орох магадлал өндөр байгааг албаныхан онцолжээ.
Малчдад онцгой сэрэмжлүүлэг хүргэлээ
Энэ үед мал аж ахуйн салбарт ямаа самнах, мал төллүүлэх, отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил ид өрнөж байгаа учраас малчид, иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авахыг зөвлөсөн байна.
Тухайлбал, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа нөмөртэй, ойрын бэлчээрт байлгах, төл малыг осгож хайрагдахаас хамгаалах, ямаа самналтыг түр хойшлуулахыг анхааруулжээ. Мөн төллөх дөхсөн малаа хотондоо байлгаж, төл хүлээн авах бэлтгэлээ сайтар хангах шаардлагатайг сануулсан байна.
Үүнээс гадна тарга хүч муутай мал, самнасан ямаа, төл малыг даарах, цасан шуурганд уруудах, осгохоос урьдчилан хамгаалах, тэжээл муутай бүс нутагт нэмэгдэл тэжээлийг урьдчилан өгөх, отор нүүдэл болон холын тууврыг түр хойшлуулахыг зөвлөжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдах үед мал сүрэг шуурганд уруудах аюул нэмэгддэг тул энэ эрсдэлийг онцгой анхаарах шаардлагатай байна.
Цаг агаарын мэдээг тогтмол авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхийг зөвлөв
Цаг агаарын байгууллага болон Онцгой байдлын ерөнхий газраас иргэд, малчдыг сэрэмжлүүлэг, анхааруулгын мэдээг тогтмол авч, нөхцөл байдалд тохируулан арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг зөвлөжээ. Хэдхэн цагийн дотор хаврын тогтуун байдал хүчтэй шуурга, хүйтрэл болон хувирч болзошгүй энэ өдрүүдэд болгоомж, бэлтгэл хамгийн чухал хэвээр байна.
