БНАСАУ-ын 15 дахь удаагийн Ардын дээд хурлын (АДХ) анхдугаар чуулганаар тус улсын удирдагч Ким Жон Уныг Төрийн хэрэг эрхлэх газрын (Төрийн зөвлөл) даргаар улируулан сонгожээ.
Mongolnews24.com сайтаас мэдээлснээр, энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (ЦТАК) уламжилсан байна. Тус агентлаг мэдээлэхдээ “15 дахь удаагийн Ардын дээд хурлаас БНАСАУ-ын дээд албан тушаалд Чучхэгийн хувьсгалын гарамгай удирдагч нөхөр Ким Жон Уныг солонгосын нийт ард түмний нэгдмэл хүсэл эрмэлзлийн дагуу нэр дэвшүүлсэн түүхэн шийдвэрийг дэлхий дахинд ёслол төгөлдөр тунхаглалаа” гэжээ.
ЦТАК агентлаг удирдагч Ким Жон Уныг “дэлхийн хамгийн гарамгай онолч-сэтгэгч, төрийн байгуулалтын агуу стратегич” хэмээн онцолж, түүнийг сонгосон нь нийт ард түмний хувь заяа, улс орны ирээдүйн нэр төр, хүчин чадалд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн байна. Умард Солонгосын ард түмэн ирэх хойч үеийнхээ гэрэлт ирээдүйд бүрэн итгэлтэй болсон бөгөөд “манай загварын социализм ялагдашгүй байж, улс орноо баян чинээлэг болгох, зэвсэгт хүчнээ бэхжүүлэх түүхэн үйл хэрэг заавал биелэх болно” гэж тус мэдээнд дурджээ.
Ким Жон Ун 2011 оноос хойш БНАСАУ-ыг удирдаж байгаа бөгөөд 2016 оноос Төрийн зөвлөлийг тэргүүлж эхэлсэн юм. 2019 онд тус улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар түүнийг Төрийн тэргүүн бөгөөд Солонгосын ардын армийн дээд ерөнхий командлагч хэмээн албан ёсоор баталгаажуулсан билээ. Үүнээс өмнө Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга нь ёс төдий төрийн тэргүүнд тооцогддог байв.
