“Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдан шүүхээс ял шийтгэл хүлээлээ. Тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард найз охин Н-ын биед халдсан хэрэгт холбогдож, уг хэргийг цагдаагийн байгууллага шалган прокурорт шилжүүлсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар буюу бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.03.09-ний өдөр хэлэлцээд Г.Энэрэлийг гэм буруутайд тооцож, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон байна.
Түүний өмнөх холбогдол:
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож байсан
- Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр шийтгүүлж байсан
- Баянгол дүүргийн шүүхээс 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял авч байсан
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд торгууль, нийтэд тустай ажил, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах зохицуулалттай.
