Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тархаад байсан “Импортын цэцэг эрүүл мэндэд хортой” гэх мэдээлэлд Гаалийн ерөнхий газраас (ГЕГ) албан ёсны тайлбар өглөө. Импортоор орж ирж буй амьд цэцэг, гоёл чимэглэлийн ургамлууд нь хилээр нэвтрэхдээ маш чанд шалгалт, лабораторийн шинжилгээг дамждаг байна.
Монгол Улсад ургамал, түүний гаралтай бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхийн өмнө “Ургамал хамгааллын газар” эрсдэлийг тооцож, тусгай мэдэгдэл олгодог. Цэцэг импортлогчид хил дээр дараах баримт бичгүүдийг заавал бүрдүүлэх үүрэгтэй:
- Мэргэжлийн байгууллагын “Импортын мэдэгдэл”.
- Тухайн улсын эрх бүхий байгууллагын “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ”.
- Гадаад худалдааны бусад дагалдах баримтууд.
- Хил дээр хийгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт.
Лабораторийн шинжилгээний бодит үр дүн
Энэ сарын 5-ны өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн сарнай болон сараана (лили) цэцгүүдэд нарийвчилсан шинжилгээ хийжээ. Нимгэн үет хроматографийн аргаар пестицидийн үлдэгдлийг тодорхойлоход: Хлорорганик пестицид: Илрээгүй. Фосфорорганик пестицид: Илрээгүй.
ГЕГ-ын мэдэгдэл: “Импортлогдож буй амьд цэцгийн баглаа, чимэглэлийн ургамал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц химийн бодис агуулсан гэх мэдээлэл нь огт үндэслэлгүй юм.”
Хэдийгээр химийн бодисын үлдэгдэлгүй ч амьд цэцэг нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн тул харшилтай хүмүүс цэцгийн тоос болон үнэрээс болгоомжлох хэрэгтэй. Харин импортын хяналтын тухайд төрөөс зохих шалгалтуудыг тогтмол хийж, аюулгүй байдлыг хангаж байгааг албаныхан онцолж байна.
