НүүрНийгэмЖуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн болгохоор...

Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний хойд талын газрын маргаантай асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайн бүсэд барилгажилт, хүн амын нягтаршил хэт ихэссэн тул өмнө нь барилга барихаар олгогдоод байсан 6000 ам метр газрын зөвшөөрлийг албан ёсоор цуцалсан байна.

Нийслэлийн зөрчил арилгах албаныхан яг одоо газар дээр нь ажиллаж, тухайн газрыг хүрээлсэн байсан төмөр хашаануудыг албадан буулгаж эхэлснийг иргэд цахим сүлжээндээ баяртайгаар мэдээлж байна.

Хууль зөрчсөн зөвшөөрлийг цуцалсан үндэслэл

Тус газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны “Газар эзэмших эрх олгох, газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” 42 дугаар захирамжаар аж ахуйн нэгжүүдэд олгож байжээ. Гэвч газар эзэмшигч компаниуд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа хоёр жилээс дээш хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, ямар нэгэн бүтээн байгуулалт хийлгүй орхисон байна. Иймд Газрын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрхийг нь дуусгавар болгох шийдвэр гаргажээ.

Газар эзэмших эрхийн зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжүүд:

  • “Ньютур сафарис” ХХК
  • “Мэргэ ван” ХХК
  • “Хүрээ-Инвест” ХХК
  • “Алханатрейд” ХХК

Хотын захиргааны шийдвэр: Барилгын нягтаршил ихтэй энэ бүсэд дахин бетон ширэнгэ босгохгүй бөгөөд чөлөөлсөн 6000 ам метр талбайг иргэдийн амрах, зугаалах зориулалттай нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар төлөвлөсөн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд