Улсын драмын эрдмийн театр шинэ үзвэрийн жилээ Оросын зохиолч, драматург Михаил Рощины “Валентин, Валентина хоёр” жүжгээс сэдэвлэсэн саунд драмаар нээх гэж байна. “Валентин” нэртэй уг бүтээлийг аравдугаар сарын 13-наас үзэгчдэд хүргэх бөгөөд Д.Нацагдоржийн мэндэлсний 120, УДЭТ-ын 95 жилийн ойд зориулжээ.
Театрын 96 дахь үзвэрийн жилийн нээлт болох шинэ бүтээлийг залуу найруулагч Э.Билгүүн найруулж байна. Гол дүр болох Валентинагийн дүрийг Ц.Цэлмэг, Валентины дүрийг Т.Намсрай бүтээхээр сонгогджээ.
Хайрын түүхээр дамжуулан хүний харилцааг өгүүлнэ
Зохиолын төвд хайр дурлалын тухай түүх өрнөх ч найруулагч орчин үеийн хүний харилцаа, нэгнээ сонсох, ойлгох чадварын талаар илүү өргөн хүрээнд хөндөхөөр ажиллаж байгаа аж. Хүмүүс бусдыг бүрэн таньж амжаагүй атлаа дүгнэлт хийдэг, хамгийн ойр дотнын хүнээ ч ойлгохгүй өнгөрөх болсон өнөөгийн байдлыг бүтээлийн нэг гол санаа болгожээ.
Найруулагч Э.Билгүүн энэ тухай “Бид цаг хугацааны хурдтай эрин зуунд амьдарч байна. Аливааг бүрэн ойлгоогүй байж хариулдаг, сонсож дуусалгүй төсөөлдөг, бусдыг бүрэн таниагүй байж өөрийнхөөрөө дүгнэж байна. Дэргэдээ байгаа хамгийн хайртай нэгнээ ойлгохгүй хэмжээнд хүрчээ” хэмээн тайлбарласан байна.
Хөгжим жүжгийн үйл явдлын нэг хэсэг болно
“Валентин” саунд драмын онцлог нь хөгжим зөвхөн арын чимэглэл болж үлдэхгүй, зохиолын өрнөл болон дүрүүдийн сэтгэлзүйтэй шууд холбогдохоор шийдэгдсэнд оршино. 1970–1980-аад оны өнгө аястай бүтээлүүдээр тухайн үеийг дүрслэхээс илүүтэй баатруудын хэлж чадаагүй үг, нуугдмал хүсэл, айдас, ганцаардал, хайр дурлалын зөрчлийг илэрхийлэхээр төлөвлөжээ.
Хөгжимчид тайзны гаднаас тоглох бус, жүжигчдийн хамт тайзан дээр оролцох юм. Тэд тоглолтын туршид дүрийн нэг хэсэг болон хувирч, хөгжим болон драмын үйлдлийг нэг цогц хэлбэрээр үзэгчдэд хүргэнэ.
Ингэснээр “Валентин, Валентина хоёр”-ын танил зохиолыг зөвхөн хайр дурлалын түүх бус, өнөөгийн хүн өөрийн харилцаа, сонголт, мэдрэмжээ эргэцүүлэн харах орчин үеийн тайзны бүтээл болгон шинэчлэн хүргэхээр зорьж байна.
