Улаанбаатар хотод есдүгээр сарын 26-нд болох “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийн бүртгэлийг оролцогчдын хүсэлтийн дагуу дахин нээжээ. Анхны бүртгэл нь төлөвлөсөн хаалтын цагаас дөрвөн цагийн өмнө дээд хязгаартаа хүрч, автоматаар хаагдсан байна.
Гэвч бүртгэл дууссаны дараа ч оролцох хүсэлтэй хүмүүсийн хүсэлт үргэлжилсэн тул зохион байгуулагчид нэмэлт боломж олгохоор шийдвэрлэжээ. Шинээр нээсэн бүртгэл нь богино хугацаанд, хязгаарлагдмал тоогоор үргэлжлэх юм.
Гурван зайны төрөлтэй зохион байгуулна
“Night Marathon Ulaanbaatar 2026” нь хотын шөнийн орчин, спорт, хөгжим болон нийтийн арга хэмжээг нэг дор хослуулсан фестиваль хэлбэрээр зохион байгуулагдана. Оролцогчид бэлтгэл, нас, зорилгодоо тохируулан 5 км, 10 км болон 21 км-ийн төрөлд бүртгүүлэх боломжтой.
Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ нь Монголд олон улсын хэлбэрээр зохион байгуулж буй анхны шөнийн гүйлтийн фестиваль юм. Гүйлтийн маршрутаас гадна хөгжмийн болон хотын соёлын хөтөлбөрүүдийг нэг дор багтаахаар төлөвлөжээ.
Оролцогчдын тоо хязгаартай хэвээр байна
Нэмэлт бүртгэлийг нээсэн ч оролцогчдын дээд тоог өөрчлөөгүй байна. Иймээс үлдсэн эрх дуусмагц бүртгэл дахин хаагдах нөхцөлтэй аж.
Энэ удаагийн сунгалт нь өмнөх бүртгэлд амжиж чадаагүй хүмүүст оролцох эрхээ баталгаажуулах богино хугацааны нэмэлт боломж болж байна. “Night Marathon Ulaanbaatar 2026” есдүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод болно.
