НүүрСоёл УрлагН.Наранбаатар “Валентин, Валентина хоёр” жүжгээр тайзнаа эргэн ирнэ

Н.Наранбаатар “Валентин, Валентина хоёр” жүжгээр тайзнаа эргэн ирнэ

Улсын драмын эрдмийн театрын захирал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар энэ удаа найруулагч бус, жүжигчний хувиар тайзнаа гарахаар болжээ. Тэрбээр УДЭТ-ын 96 дахь үзвэрийн жилийн нээлтийн бүтээл “Валентин, Валентина хоёр” саунд драмд “Танихгүй хүн” дүрийг бүтээнэ.

Оросын зохиолч, драматург Михаил Рощины “Валентин, Валентина хоёр” жүжгээс сэдэвлэсэн шинэ бүтээлийг аравдугаар сарын 13-наас үзэгчдэд хүргэх юм.

Залуу найруулагч Э.Билгүүн шинэ хувилбарыг тайзнаа тавина

Хайр дурлал, хүний сэтгэлийн эмзэг бөгөөд нандин мэдрэмжийг өгүүлэх уг бүтээлийг УДЭТ-ын залуу найруулагч Э.Билгүүн шинэ өнгө төрхөөр найруулж байна. Театрын шинэ улирлын нээлтийн энэхүү бүтээлд Н.Наранбаатар жүжигчний дүрээр оролцож байгаа нь онцлог болжээ.

Н.Наранбаатар 1998 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөж, 2000 оноос Улсын драмын эрдмийн театрт ажиллаж эхэлсэн байна.

Жүжигчнээс найруулагч хүртэлх замнал

Тэрбээр УДЭТ-ын тайзнаа Т.Вертенбекрийн “Манай сайхан эх орон” жүжгийн Ральф, Д.Равжаагийн “Саран хөхөө”-гийн түшмэл Дарма, Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл”-ийн Фердинанд, Р.Ганбатын “Эрлэгийн данс”-ын Очир зэрэг дүрийг бүтээж байжээ.

Харин 2000 онд Б.Батбаярын “Бооцоо” жүжгийг найруулснаар найруулагчийн уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна. Үүнээс хойш “Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Төлөөс”, “Парисын дарь эхийн сүм”, “Гамлет”, “Ромео, Жульетта”, “Анна Каренина”, “Тэнгэрийн хүү” зэрэг 40 гаруй жүжгийг тайзнаа найруулжээ.

Ийнхүү олон жил найруулагчийн хувиар театрын уран бүтээлийг хөтөлж ирсэн Н.Наранбаатар “Валентин, Валентина хоёр” бүтээлээр жүжигчний дүрдээ эргэн орж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд