Сүүлийн үед Засгийн газрын “11-11” төв болон холбогдох байгууллагуудад гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл, хяналттай холбоотой санал гомдол иргэдээс цөөнгүй ирэх болжээ. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх статистик мэдээллийг нээлттэй танилцууллаа. Өнөөдрийн байдлаар манай улсад дэлхийн 133 орны нийт 34,241 иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгаа нь нийт хүн амын 0.94 хувийг эзэлж байна.
Хууль эрх зүйн хүрээнд Монгол Улсын хүн амын 3 хувь буюу 107 мянга хүртэлх гадаадын иргэн, үүнээс нэг улсын иргэн 35 мянгаас хэтрэхгүй байх хязгаартай байдаг. Одоогийн үзүүлэлтээр хамгийн их буюу Хятад улсын иргэд нийт хүн амын ердөө 0.6 хувийг эзэлж байгаа нь хуулийн хязгаарлалтаас харьцангуй бага байгааг албаныхан онцлов.
Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийг харьяалагдах улсаар нь авч үзвэл:
- БНХАУ: 21,377 иргэн
- ОХУ: 2,910 иргэн
- БНЭУ: 1,753 иргэн
- БНСУ: 1,557 иргэн
- АНУ: 1,110 иргэн
- Бусад улс: 5,534 иргэн

Хувийн хэргээр оршин суугчдын 52.4 хувь нь буюу 17,944 иргэн хөдөлмөр эрхлэх зорилготой байна. Эдгээр иргэд нийт 2,189 аж ахуйн нэгжид ажиллаж байгаа бөгөөд тэдний 39.3 хувь нь барилга, зам гүүрийн салбарт, 25.4 хувь нь уул уурхай, эрчим хүчний салбарт, 17.1 хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт төвлөрчээ.
Гадаадын ажиллах хүч авч буй байгууллагууд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөр төлдөг. Уг төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрч, дотоодын иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулагддаг байна. Энэхүү санд 2024 онд 124.9 тэрбум төгрөг цуглаж байсан бол 2025 онд 189.8 тэрбум төгрөг болж өсжээ. Хөдөлмөр эрхлэх (С) ангиллын зөвшөөрлийг ХХҮЕГ-аас олгосон хугацаанд үндэслэн сунгаж, хяналт тавин ажиллаж байна.
