Францын улс төрч Марин Ле Пен Орос-Украины хямрал хоёр замаар төгсөх боломжтойг LCI сувагт өгсөн ярилцлагадаа онцоллоо. Түүний үзэж байгаагаар, уг мөргөлдөөн НАТО шууд оролцсоноор Дэлхийн гуравдугаар дайн болж өргөжих, эсвэл Зуун жилийн дайн шиг олон арван жилээр сунжирч магадгүй байна. “Үндэсний нэгдэл” намын фракцын дарга Ле Пен эдгээр хоёр хувилбар хоёулаа дэлхийн хэмжээний аюул заналхийлж байгааг сануулж, сүйрлээс урьдчилан сэргийлэхийн тулд нэн даруй энх тайвны хурал зохион байгуулахыг уриалжээ. Мөн тэрээр нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд Владимир Путин, Владимир Зеленский нартай биечлэн хэлэлцээ хийхэд бэлэн байгааг дурдаад, Франц улс дотоодын санхүүгийн хүндрэлээс үүдэн Киевт эдийн засгийн тусламж үзүүлэх боломжгүй болсныг мэдэгдэв.
Улс төрийн карьер ба шүүх хурал
Өдгөө Францын ерөнхийлөгч Эмманюэль Макроны гол өрсөлдөгч гэгддэг Марин Ле Пены улс төрийн карьер Европын парламентын туслахуудыг хуурамчаар ажилд авсан гэх шүүхийн хэргээс үүдэн аюулд ороод байна. Прокуророос түүнд 5 жил хорих ял (3 жилийг нь болзолтой) ногдуулж, 5 жилийн хугацаанд төрийн алба хаших эрхийг нь хасах санал гаргаад байгаа юм. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болбол тэрээр гишүүний мандатаа алдаж, дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болох бөгөөд Ле Пен үүнийг “улс төрийн хэлмэгдүүлэлт” хэмээн нэрлэжээ.
