Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Эрхүү мужид зорчиж байгаа болон зорчихоор төлөвлөж буй иргэдэд эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдлаа сайтар анхаарахыг зөвлөжээ.
Энэхүү сэрэмжлүүлгийг Эрхүү муж дахь Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант эмэгтэй уушгины хатгааны улмаас нас барсан, түүнийг тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр гарсантай холбогдуулан хүргэсэн байна.
Шинж тэмдэг илэрвэл зорчихгүй байхыг зөвлөжээ
Элчин сайдын яамны мэдээлснээр, Эрхүү муж болон тухайн бүс нутагт зорчих үед бие тавгүйрхэх, хэвийн бус шинж тэмдэг илэрвэл байгаа газраасаа явахгүй, хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай аж.
Мөн ОХУ-д 103 болон 112 дугаараар түргэн тусламж дуудах боломжтойг сануулсан байна.
ОХУ-ын хилээр нэвтэрсний дараа эрх зүй, эрүүл мэнд болон бусад асуудлаар яаралтай зөвлөгөө, тусламж шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын аль нэгтэй холбогдох боломжтой аж.
Эдгээр төлөөлөгчийн газартай 24 цагийн шуурхай утас болон цахим шуудангаар холбоо барьж болохыг Элчин сайдын яамнаас мэдээлжээ.
