Үндэсний бөхийн спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг, нийт 1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом” багийн барилдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр амжилттай өндөрлөв. Энэ удаагийн тэмцээний тэргүүн байрт Улсын заан С.Сүхбат ахлагчтай “Хатант интернэйшнл” баг шалгарч, аваргын алтан медаль, өндөр мөнгөн шагналын эзэн боллоо.
Аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд “Хатант интернэйшнл” баг Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багтай хүч үзсэн юм. Барилдааны төгсгөлд С.Сүхбат зааны баг 14:11-ийн харьцаатайгаар ялалт байгуулж, тус тэмцээний энэ жилийн аваргаар албан ёсоор тодорсон байна.
Харин хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн өчигдөр болж, Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай “Хамаг Монгол” баг болон Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” багууд учраа таарсан билээ. Тус барилдаанд “Хамаг Монгол” баг мөн л 14:11-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авч, шагналын тавцанд гарсан юм.
Тэмцээний нийт шагналын санг байр эзэлсэн багуудад дараах байдлаар хуваарилан олгожээ:
- Тэргүүн байр: 500 сая төгрөг
- Дэд байр: 250 сая төгрөг
- Гуравдугаар байр: 150 сая төгрөг
- Дөрөвдүгээр байр: 100 сая төгрөг
- Тавдугаар байр: 65 сая төгрөг
- Зургаадугаар байр: 60 сая төгрөг
- 7–8 дугаар байр: Тус бүр 50 сая төгрөг
