Хятад улсад найман настай хүү ангийнхныхаа бичлэгээр ирүүлсэн дуу хоолойг сонсоод 55 хоног үргэлжилсэн комноос сэрсэн гайхалтай үйл явдал болжээ.
Хунань мужийн оршин суугч Лю Чуси хүү өнгөрсөн арваннэгдүгээр сард зам тээврийн осолд орж, тархи болон уушгиндаа хүнд гэмтэл авсан байна. Эмч нар түүнийг сэргэх магадлал маш бага гэж үзэж байсан ч хүүгийн ээж бууж өгөлгүй эмчилгээний бүхий л аргыг эрэлхийлж байв. Эмч түүнд тархины үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд хүүгийн сайн мэддэг дуу чимээг ашиглахыг зөвлөснөөр ээж нь хичээлийнх нь дуу бичлэгүүдийг тоглуулж эхэлжээ.
Хүүгийн багш ангийн хүүхдүүдийг нь зохион байгуулж, хүүд зориулан сэтгэл хөдөлгөм дүрс бичлэгүүд бэлтгүүлсэн байна. Хүүхдүүд бичлэгээрээ Люг хөлбөмбөг тоглохыг урьж, хичээлдээ эргэн ирэхийг дуудан, дуртай дуунуудыг нь дуулж өгчээ. Ээж нь эдгээр бичлэгийг өдөр бүр хүүдээ сонсгож байв.
Бичлэгийг сонсгож эхэлснээс хойш 45 хоногийн дараа хүү анх удаа хариу үйлдэл үзүүлж, зовхио хөдөлгөсөн бол дараа нь багшийнхаа дууг сонсоод инээмсэглэсэн байна. Улмаар 55 дахь хоног дээрээ Лю бүрэн ухаан орж, гараа хөдөлгөх чадвартай болжээ. Багш болон найзуудыг нь ирэхэд тэрээр нүдээ нээхийг хичээж, хариу даллаж байв.
Хүүгийн ээж энэ явдлыг жинхэнэ гайхамшиг хэмээн нэрлэж, тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлээд, энэ түүх бусад гэр бүлүүдэд итгэл найдвар төрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлжээ. Одоо хүүгийн биеийн байдал аажмаар сайжирч байгаа бөгөөд түүний түүх нийгмийн сүлжээнд сая сая хандалт авч, олон хүний сэтгэлийг хөдөлгөөд байна.
