Хиймэл оюун ухааны (AI) чип хөгжүүлэлтээр тэргүүлэгч Nvidia компани Intel-ийн 5 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцааг худалдан авах томоохон хөрөнгө оруулалтын хэлцлийг хийж дуусгалаа. Mongolnews24.com-ийн мэдээлснээр, энэ тухай Reuters агентлаг мэдээлсэн байна.
Даваа гарагт гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, уг ажиллагааг нэгж хувьцааг 23.28 ам.доллароор тооцож, хувийн хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн есдүгээр сард зарласан гэрээний нөхцөлтэй нийцэж байгаа юм. Nvidia компани нийтдээ Intel-ийн 214.7 сая гаруй ердийн хувьцааг худалдаж авчээ.
Энэхүү хөрөнгө оруулалт нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөх өндөр зардал болон стратегийн алдаатай тооцооллоос болж хүндрэлтэй тулгарсан Intel компанийн хувьд томоохон санхүүгийн дэмжлэг болж байна. Арванхоёрдугаар сарын эхээр АНУ-ын Монополын эсрэг байгууллага болон Холбооны худалдааны комиссоос уг хэлцлийг хийх зөвшөөрлийг олгосон байна.
Хөрөнгийн зах зээлийн нээлтийн өмнөх арилжаагаар (pre-market) Nvidia-ийн хувьцаа 1.3%-иар буурсан үзүүлэлттэй байсан бол Intel-ийн хувьцааны үнэ бараг өөрчлөлтгүй тогтвортой байлаа.
