Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь бизнесийн салбарт ажиллаж буй нилээд хэдэн хүнд төрийн дээд шагнал, одон медалийг гардуулсан билээ. Эдгээр шагнагдсан хүмүүсийн дотор УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хамааралтай компаниудын дэд захирлууд багтсан нь олон нийтийн анхаарлыг татаж, цахим орчинд нэлээд шүүмжлэл дагуулаад байна.
Төрийн шагнал хүртсэн хүмүүс:
Ерөнхийлөгчийн зарлигаар дараах хүмүүс төрийн цол хүртжээ:
- 2025 оны 10-р сарын 24-нд: “Сод Монгол Групп” ХХК-ийн дэд захирал Нэргүйн Ганболдод “Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан” цол олгосон. Тэрээр тус группийн тогтвортой үйл ажиллагаанд 28 жил тасралтгүй хүчин зүтгэсэн туршлагатай нэгэн юм.
- 2025 оны 10-р сарын 26-нд: “Мэргэван” ХХК-ийн дэд захирал Цэрэндоржийн Нямааг “Худалдааны гавьяат ажилтан” цолоор шагнасан. Ц.Нямаа нь ажлын гараагаа Ардын Армийн албанаас эхэлж, Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаад “Мэргэван”-д шилжин ирсэн бөгөөд нийт 57 жил хөдөлмөрлөсөн ажлын өндөр туршлагатай хүн юм.
Ц.Анандбазарын эзэмшлийн буюу түүнтэй нягт холбоотой гэгддэг эдгээр компаниудын дэд захирлуудад төрийн дээд цол олгосон нь тухайн үедээ олон нийтийн сүлжээнд хүчтэй ярианы сэдэв болж, шүүмжлэгдэж эхэлсэн. Энэ нь эдгээр компаниудын өмнөх үйл ажиллагаатай холбоотой юм.
Шүүмжлэл дагуулсан шалтгаан:
Олон нийтийн шүүмжлэлд өртөх гол шалтгаан нь уг компаниудын төрийн өмчит томоохон үйлдвэрүүдэд нийлүүлэлт хийж ирсэн түүхтэй холбоотой.
- “Сод Монгол групп” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шатахууныг олон тэрбум төгрөгөөр нийлүүлж, шахаа хийдэг байсан гэгддэг.
- “Мэргэван” ХХК нь МИАТ ТӨХК-д онгоцны түлшийг удаан хугацаанд, өндөр үнээр, монополь байдлаар нийлүүлж байсан гэх мэдээлэл бий.
Ийм байдлаар, төрийн өмчийн компаниудад онцгой эрхтэйгээр үйлчилж, өндөр ашиг олдог байсан гэгддэг аж ахуйн нэгжүүдийн удирдах ажилтнуудад төрийн дээд шагнал олгосон нь Ц.Анандбазарын нэр хүнд болон түүнийг тойрсон асуудлуудад дахин анхаарал хандуулах шалтгаан болжээ.
