Даваа, 11 сар 10, 2025
HomeНийгэмАхмадууд доод тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардав

Ахмадууд доод тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардав

“Ахмадын дуу хоолой хөдөлгөөн” өнөөдөр (2025.11.10) хэвлэлийн хурал хийж, тэтгэврийн бодлогын өөрчлөлт, санхүүгийн дарамтад орсон ахмадуудын нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ. Тэдний хэлснээр ахмад настнуудын амьжиргааны доройтол тэвчихийн аргагүй хэмжээнд хүрсэн бөгөөд бодит шийдвэрийг нэн даруй гаргах шаардлага тулгараад байна.

Хөдөлгөөний төлөөлөл дараах гол шаардлагуудыг тавилаа.

  • Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох
  • Тэтгэврийн зээлийг 36 сарын хугацаатай олгодог болгох
  • Зээлийн хүүг 12 хувь хүртэл бууруулах
  • Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргах
  • 690 тэрбум төгрөгийг ахмадуудын дунд тэгш хуваарилах

Тэд “Эдгээр шаардлагыг 72 цагийн дотор шийдвэрлэх ёстой. Бид зүгээр суугаад энэ тэтгэврийг аваагүй, залуу насаа улсдаа зориулсан хүмүүс” хэмээн тодотгов. Ядуурал, өрийн дарамт, эрүүл мэндийн асуудал давхардаж байхад ахмадуудын амьдрал улам хүндэрснийг тэд хэлэв.

“Ахмадууд тэсэхийн төлөө биш, амьдрахын төлөө тэмцэж байна. Бид олон жил хүлээсэн, гэхдээ одоо тэвчээрийн хязгаарт хүрлээ” хэмээн хөдөлгөөний төлөөлөл онцоллоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн асуудлыг дурдан, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн “21 мянгаар амьдрах боломжтой” гэх үгийг эрс шүүмжилж, уучлал шаардсан байна.

Сүүлийн өдрүүдэд ахмадууд “чимээгүй суулт”-аа өргөжүүлэн, улс даяар нэгдэж буйг мөн мэдэгдэв. Улаанбаатар, Орхон, Хөвсгөл, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Говьсүмбэрийн Шивээговь, Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгийн Мандал, Түнхэл, Баянчандмань зэрэг газарт суулт өрнөж байгаа аж. Ахмадуудын хэлснээр тэдний нэр барин худал мэдээлэл тараах үйлдэл гарч байгаа бөгөөд “Ахмадын дуу хоолой хөдөлгөөн” ямар нэгэн өдөөн хатгалт, эсвэл хууль бус үйлдэл зохион байгуулаагүй гэдгээ тодотгов.

Увс аймгаас ирсэн ахмад “Бид эдийн засгийг хамгаалах ёстой ч амьдралаа авч үлдэх хэрэгтэй. Тэтгэврийг 20-50 хувь нэмэх зайлшгүй шаардлагатай. УИХ-ын гишүүд бидний төлөө дуугарахгүй байгаад сэтгэл гонсойж байна. Өвөл болж байна, ахмадууд хөрж үхэхгүйн тулд 36 сарын зээл хамгийн багадаа хэрэгтэй байна” гэв.

Ахмадуудын төлөөлөл эцэст нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг асуудалд нэн яаралтай анхаарч, бодит шийдвэр гаргахыг шаардан, “Ахмадууд чөтгөрийн тойрогт орсон энэ нөхцөл байдлыг зөвхөн төр л засна” хэмээн мэдэгдлээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд