Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-д аутизмын хүрээний эмгэг оношлох үйлчилгээний цаг он дуустал дүүрсэн байна. Тус төвд уг оношилгооны арга тавхан сарын өмнө нэвтрүүлсэн ч мэргэжлийн эмчийн тоо хүрэлцэхгүй байгаа нь асуудал үүсгэжээ. Үзүүлэх хүсэлтэй хүмүүс дор хаяж 2-3 сар хүлээх шаардлагатай болж, 11 дүгээр сар болон үлдсэн бүх саруудын цагийн бүртгэл аль хэдийн хаагдсан байна.
Эмч нарын ачаалал маш өндөр байгаа бөгөөд нэг эмч өдөрт дунджаар 12-15 хүүхэд үзвэл үйлчилгээний чанар, хүртээмжийг хангаж чадна гэж тооцдог. Гэвч бодит байдал дээр өдөрт 24 хүн үзэх ёстой гэсэн ачаалалтай ажиллаж, заримдаа бүр 50-60 хүүхдийг хүлээн авч үзэж байгаа аж.
Аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ?
Энэ нь тархины хөгжлийн онцлогоос үүдэлтэй эмгэг бөгөөд хүний харилцаа, ойлголцол, давтагдмал зан үйл, сонирхолд нөлөөлдөг хөгжлийн бэрхшээл юм.
Гол шинж тэмдгүүд:
- Харилцааны бэрхшээл:
- Нүдээр харилцах нь бага
- Хэлээр болон дохио зангаагаар харилцах хүндрэлтэй
- Сэтгэл хөдлөлийг ойлгож, илэрхийлэх чадвар сул
- Нийгмийн харилцаанд оролцох байдал:
- Найз нөхөдтэй болох, тоглоход сонирхолгүй
- Хамт олон дунд тухгүй мэдрэмж авах
- Давтагдмал зан үйл:
- Тоглоом, үйлдлийг олон дахин давтах
- Дэг журам, цагийн хуваарьт хэт мэдрэг байх
- Зарим зүйлд маш их сонирхол, авьяас харуулах
- Мэдрэхүйн онцлог:
- Чанга дуу чимээ, гэрэл, үнэрт хэт мэдрэг эсвэл үл тоомсорлох
СЭМҮТ-ийн мэдээлснээр мэргэжлийн хүний нөөцийн дутагдлаас болж үзлэг, оношилгооны үйлчилгээний хүртээмж хязгаарлагдаж байгаа нь гэр бүлүүдэд хүндрэл учруулж буйг онцолжээ.