“Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театр байгуулагдсаны таван жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд тус театрын уран бүтээлчид өнгөрсөн таван жилийн хугацаанд бүтээсэн шилдэг таван жүжгээ дахин тайзнаа амилуулахаар болжээ.
Тус театрын тайзнаа дахин тавигдах бүтээлүүдэд:
- Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст” зохиолоос сэдэвлэсэн постдрамын “Фауст” жүжиг
- Оросын сонгодог зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжиг
- АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгээс сэдэвлэсэн “Опал” нэртэй саркастик мелодрам
- Английн зохиолч Жорж Оруэллийн алдарт “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжиг
- Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжиг тус тус багтжээ.
Эдгээр жүжгүүдийг 2025 онд дахин тоглохоор төлөвлөсөн бөгөөд үзвэр дараах хуваарийн дагуу явагдана. Үүнд:
- Гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн “Амьдрахуй” драмын жүжгийг Тусгаар тогтнолын ордонд тоглоно.
- Дөрөвдүгээр сард Жорж Оруэллийн “1984” постдрамын жүжиг толилуулагдана.
- Харин намрын үзвэрийн жилийн хүрээнд “Фауст”, “Гэм зэм” болон “Опал” жүжгүүдийг дахин тайзнаа амилуулах юм байна.
Театрын уран бүтээлчид “Орфей” театрын таван жилийн ойн хүрээнд үзэгчдийн талархлыг хүлээсэн энэхүү таван бүтээлээ дахин толилуулж буй нь урлаг сонирхогчдод чухал боломж, соёлын чухал үйл явдал болох нь гарцаагүй.