Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Оюу Толгой” компанийн газрын гүн дэх уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэр тус компанийн хэрэгжүүлж буй “100 сая мод – ирээдүйн өв” хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл авлаа.
“Оюу Толгой” компани Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн.
“100 сая мод – ирээдүйн өв” хөтөлбөрийн хүрээнд компани 63.5 сая модыг нөхөн сэргээлтийн зориулалтаар тарьж, ургуулах бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх, ой модны салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулж 40 сая модтой дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.
2022 оноос хойш 20.5 сая модыг бодит болон эквивалент хэлбэрээр тарьж, ургуулжээ. Тухайлбал:
- Ханбогд, Цогт-Овоо сумдад жилд 750,000 үрсэлгээ, суулгац бүхий мод үржүүлгийн газрыг байгуулсан
- Манлай, Баян-Овоо, Сэврэй сумдад 250–500 мянган үрсэлгээ бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн шинэ талбай байгуулахаар төлөвлөсөн
- Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд 70 га талбайд 175,000 мод тарьсан
- 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд уул уурхайн улмаас эвдэрсэн 400 га газрын нөхөн сэргээлт хийсэн
- 2024 онд Дархан-Уул аймгийн Шарын-Гол, Хонгор сумдын 215 га газрыг нөхөн сэргээсэн
- Ойн салбарт зориулан 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 48 иж бүрдэл тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн
Мөн “Рио Тинто Монголия” компани 300,000 га талбайд агаараар хөнөөлт шавьжтай тэмцэх арга хэмжээ авч, 750 сая модыг хамгаалжээ. Түүнчлэн Говийн бүсийг усаар хангах “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-г боловсруулж буй бөгөөд 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх зорилт тавиад байна.