Ням, 7 сар 27, 2025
HomeНийгэмУлаанбаатарт автобусны нэгдүгээр эгнээг таван чиглэлд үе шаттай өргөтгөнө

Улаанбаатарт автобусны нэгдүгээр эгнээг таван чиглэлд үе шаттай өргөтгөнө

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор богино, дунд, урт хугацааны 10 бүлэгт хуваасан 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд богино хугацаанд хэрэгжих 27 байршлын долоон төсөл, арга хэмжээг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөл танилцууллаа.

Эдгээр төслийн гол зорилго нь замын хөдөлгөөний ачаалал ихтэй бүсүүдэд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттайгаар өргөтгөх, мөн гэр хорооллын нийтийн тээврийн хүртээмж муу хэсгүүдэд авто зам шинээр барьж, зорчих нөхцлийг сайжруулах явдал юм. Эдгээр арга хэмжээ хэрэгжсэнээр түгжрэлийг 31.7 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолжээ.

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн доктор, дэд профессор М.Дэлгэрнасан:

“Иргэдийн зорчилт хөдөлгөөний судалгаагаар Таван шар, 3-4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармаг гэсэн таван цэгт зорчилт төвлөрдөг. Энэ урсгалыг сайжруулахын тулд тээврийн холбоосуудыг нэмэх шаардлагатай. Өнөөгийн нөхцөлд зам, зогсоолууд зөвхөн автомашинд зориулсан байгаа нь нийтийн тээврийн чөлөөтэй хөдөлгөөнийг хязгаарлаж байна” гэж онцлов.

Төслийн хүрээнд дараах авто замуудын тодорхой эгнээг өргөтгөж, автобус нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцох нөхцөл бүрдүүлэх юм:

  • Яармагаас Үйлдвэр комбинат хүртэлх 0.8 км авто зам
  • Долоон буудлаас төв талбай хүртэлх 8.1 км
  • Офицероос Шархад хүртэл 3.3 км

Эдгээр чиглэлд замыг өргөтгөснөөр зорчих урсгал чөлөөтэй болж, түгжрэл буурах эерэг үр дүн гарах хүлээлттэй байна. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор М.Буяндэлгэр:

“Яармагаас төв рүү чөлөөтэй зорчихын тулд гурван эгнээтэй зам шаардлагатай. Нисэхийн тойргоос Яармагийн гүүр хүртэл гурван эгнээтэй боловч, ‘Мишээл экспо’-ийн гэрлэн дохионоос өмнө хоёр эгнээ болон нарийсдаг. Эдгээр нарийссан хэсгүүдийг өргөтгөснөөр нийтийн тээврийн хөдөлгөөнийг илүү үр ашигтай болгоно” гэв.

Ингэснээр нийтийн тээврээр зорчих нөхцөл хөнгөвчлөж, замын түгжрэлийн түвшин буурах боломж бүрдэх юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд