Даваа, 6 сар 9, 2025
HomeЭдийн засагНэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.долларт хүргэх зорилт 2027 оноос нааш биелэхгүй

Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.долларт хүргэх зорилт 2027 оноос нааш биелэхгүй

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл олон жилийн турш гацаанд байсан ч УИХ-аар соёрхон баталснаар бүтээн байгуулалтын тендерийг энэ сард багтаан зарлахаар болжээ. Энэхүү төмөр замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болно гэж Засгийн газар үзэж байна.

МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилго
2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт МАН “2028 он гэхэд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10,000 ам.долларт хүргэнэ” гэсэн зорилт тавьсан. Үүний хүрээнд Хамтарсан Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө 14 мега төслийг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хурдасгахаар тусгасан.

Тэдгээрийн дунд нүүрсний экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр зам хамгийн чухал үүрэгтэйд тооцогдож байна.

Төмөр замын ач холбогдол

  • Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспортын хэмжээ жилийн 100 сая тоннд хүрнэ.
  • Улсын төсвийн орлого өсөж, Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэнэ.
  • Татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.
  • Гашуунсухайт-Ганцмод төслийг эхлүүлснээр Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг бусад боомтууд төмөр замаар холбогдох боломжтой болно.

Гангийн үйлдвэрлэл, нүүрсний үнийн уналт төсөлд хэрхэн нөлөөлөх вэ?
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, гангийн хэрэгцээ буурч байгаа ч Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр зам хамгийн өндөр ач холбогдолтой хэвээр гэдгийг онцолсон.

Тэрбээр “Дэлхийн зах зээлд Д.Трампын тарифын бодлогоос болж олон улсын худалдаанд тодорхой асуудлууд үүсэж байна. Нүүрсний үнэ буурч байгаа энэ үед хэлэлцээрийн үр дүнд 5 сая тонн нүүрсний нэмэлт борлуулалт хийгдэх боломжтой. Үүний үр дүнд 400 орчим сая ам.долларын орлого төвлөрөх юм” гэж мэдэгдэв.

Эдийн засгийн үр өгөөж

Гашуунсухайт-Ганцмод боомт ашиглалтад орсноор:

  • Боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ.
  • Нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонноос 165 сая тонн болно.
  • Жилд 1.5 тэрбум ам.долларын нэмэлт орлого бүрдэнэ.

Гэхдээ эдийн засагчид 2027 оноос өмнө ДНБ-ийг 10,000 ам.долларт хүргэх боломжгүй гэж үзэж байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан мэдээллээр “Гашуунсухайт-Ганцмодын төмөр зам 2027 онд ашиглалтад орохоос нааш нүүрсний экспорт 100 сая тоннд хүрэх боломжгүй. Хэрэв хил холболтоо хийхгүй бол нүүрсний зах зээлд Монгол Улс өрсөлдөхүйц байр суурь эзлэх боломжгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Эдийн засагч Н.Энхбаяр:
“Гашуунсухайт-Ганцмод боомтын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт нэлээд нарийн төвөгтэй учраас гурван жил үргэлжлэх төлөвтэй байна. Тиймээс 2027 оноос өмнө бид одоогийн нүүрсний экспортын хүчин чадал дээрээ л байх болно. Өнгөрсөн онд төсвийг хэлэлцэх үед илүү болгоомжтой байх боломж байсан ч харамсалтай нь өөдрөг тооцооллоор баталсан” гэжээ.

Сонгуулийн амлалт ба эдийн засгийн бодит байдал

Сонгуулиас өмнө АН, МАН зэрэг томоохон улс төрийн хүчнүүд иргэдийн орлогыг өсгөх, эдийн засгийг тэлэх, зээлийн хүүг бууруулах, ДНБ-ийг нэмэгдүүлэх амлалт өгдөг. Гэвч эдгээр амлалтуудын хэрэгжилт нь эдийн засгийн бодит нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд