НҮБ-ын Олон улсын аз жаргалын өдөр буюу гуравдугаар сарын 20-нд Дэлхийн аз жаргалын тайланг 13 дахь жилдээ танилцууллаа. Энэ жилийн тайланд Финланд улс найман жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарч, тэргүүн байраа хадгалав.
Харин Монгол Улс 5.696 оноогоор 147 улсаас 77 дугаар байранд бичигдсэн нь өмнөх жилийн 61-р байраас доошилсон үзүүлэлт болов.
АНУ түүхэндээ хамгийн доогуур үнэлгээ авлаа
АНУ 24-р байранд эрэмбэлэгдсэн нь тэдний хувьд хамгийн муу үзүүлэлт байлаа. Өнгөрсөн жил тус улс анх удаа шилдэг 20-н улсаас хасагдсан бол энэ онд улам доошилжээ. Мөн Европын хэд хэдэн оронд аз жаргалын түвшин буурсан үзүүлэлттэй байна.
Азийн орнуудын үзүүлэлт
Энэ жилийн тайланд Азийн аль ч улс эхний 20-д багтаж чадсангүй. Харин Нордикийн орнууд тогтвортойгоор тэргүүлсээр байгаа бөгөөд Финланд, Дани, Исланд, Швед улсууд эхний дөрөвт бичигдэв. Норвеги долдугаар байрт орсон бол Коста Рика, Мексик, Словен зэрэг улс энэ онд топ 20-д багтсан байна.
Аз жаргалын түвшинг хэрхэн тодорхойлсон бэ?
Тайланг гаргахдаа дэлхийн 147 орны иргэдийн сүүлийн гурван жилийн амьдралын үнэлгээнд тулгуурласан байна. Үнэлгээг дараах зургаан үндсэн хүчин зүйлд тулгуурлан гаргасан байна:
- Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)
- Нийгмийн дэмжлэг
- Дундаж наслалт
- Хувийн эрх чөлөө
- Өгөөмөр сэтгэл
- Авлигын түвшин
Аз жаргалын түвшингээр тэргүүлсэн 20 улс:
- Финланд
- Дани
- Исланд
- Швед
- Нидерланд
- Коста Рика
- Норвеги
- Израиль
- Люксембург
- Мексик
- Австрали
- Шинэ Зеланд
- Швейцарь
- Бельги
- Ирланд
- Литва
- Австри
- Канад
- Словен
- Чех
Аз жаргалын индексээр сүүл мушгисан орнууд:
- Афганистан
- Сьерра Леон
- Ливан
- Малави
- Зимбабве