Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тэмдэглэн зохион байгуулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын начин Энхтүвшингийн Батмагнай ес даван түрүүллээ.
Тэрбээр Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөгөөд “Алдар” спорт хороо болон “Тэргүүн Богд” дэвжээний нэрийн өмнөөс барилдсан юм. Түүний энэ амжилтыг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган “Улсын арслан” цол хүртээлээ.
Мөн тус барилдаанд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, Аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаярт “Улсын гарьд” цол олгосон байна.
Цолны зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсан бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ цолтнуудад энгэрийн тэмдэг зүүж, батламж болон шагналыг гардууллаа.