Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортМОНГОЛ УЛСАД 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ГУРВАН ТОМ ТЭМЦЭЭН БОЛНО

МОНГОЛ УЛСАД 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ГУРВАН ТОМ ТЭМЦЭЭН БОЛНО

2025 оны зургадугаар сард Улаанбаатар хотын төв талбайд 3×3 сагсан бөмбөгийн олон улсын нэр хүндтэй гурван тэмцээн нэг дор зохион байгуулагдах гэж байна.

Тодруулбал:

  1. Зургаадугаар сарын 18–19-нд: “FIBA 3×3 Women’s Series Ulaanbaatar 2025” – Дэлхийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн
  2. Зургаадугаар сарын 20–21-нд: “FIBA 3×3 Ulaanbaatar World Tour” – Эрэгтэйчүүдийн дэлхийн их дуулга
  3. Зургаадугаар сарын 23–29-нд: 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Эдгээр тэмцээнүүд Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд болох бөгөөд дэлхий даяарх шилдэг багууд оролцохоор бүртгүүлжээ. Эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд дэлхийд чансаагаараа эхний тавд багтдаг Герман, долоодугаарт бичигддэг Канад, Монголын “Улаанбаатар Амазонс” баг тэргүүтэй шилдэг 12 баг өрсөлдөнө. Харин “World Tour” тэмцээнд Сербийн Лиман, Бахрейны Риффа, Хятадын Чонмин зэрэг 12 баг оролцох бөгөөд Монголын “ММС Энержи” (Улаанбаатар) болон “Сайнскор” (Завхан) багууд орно.

Тэмцээний үргэлжлэл болон оргил хэсэг нь 3×3 насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх юм. Тус тэмцээнд нийт 27 орны 40 баг оролцохоор ирнэ. Уг тэмцээний шууд дамжуулалтыг дэлхийн 150 гаруй орон хүлээн авна. Үүнтэй зэрэгцэн 500 гаруй гадаадын тамирчин, албаны хүмүүс Монгол Улсад хүрэлцэн ирэх юм.

Монголын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав хэлэхдээ:
“2017 оноос хойш Монголд олон улсын чанартай томоохон тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн тэмцээнүүд бол Монгол Улсад багийн спортоор зохиогдох хамгийн том олон улсын тэмцээн бөгөөд 3х3 төрөл нь олимпийн төрөлд багтдаг өндөр зэрэглэлийн спорт юм” гэв.

Харин тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал:
“Манай улс 2017 оноос хойш нийт 26 удаагийн олон улсын тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд энэ удаа дараалсан гурван тэмцээнийг нэгэн зэрэг зохион байгуулах эрхийг авсан нь Олон улсын сагсан бөмбөгийн холбооны өндөр үнэлгээ юм. Энэ тэмцээнүүдийн дараа Монгол Улс 3×3 сагсан бөмбөгийн Азийн аварга, U18, U23 насны дэлхийн аварга болон насанд хүрэгчдийн дэлхийн аваргыг зохион байгуулсан дэлхийд цорын ганц улс болно” хэмээн онцолсон.

Эдгээр тэмцээн нь Монголын 3×3 сагсан бөмбөгийн спортын нэр хүнд, олон улсын холбоодод итгэл хүлээж буйг харуулж байна. Олон улсын анхаарлыг татсан томоохон үйл явдлын өмнө улс даяар бэлтгэл хангагдаж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд