Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аялал жуулчлалын байгууллагын Зүүн хойд Азийн бүсийн удирдлагуудад зориулсан бодлого, стратегийн 19 дүгээр сургалтын хөтөлбөр анх удаа Монгол Улсад болж байна. Тус уулзалт нь 2025 оны 5-р сарын 19–22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
“Алсын хараа–2050” ба тогтвортой аялал жуулчлал
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Алсын хараа–2050” нь аялал жуулчлалыг эдийн засгийн түлхүүр салбаруудын нэг болгон хөгжүүлэх зорилготой. Үүнтэй уялдан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн яам болон НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.
Уулзалт энэ удаа “Аялал жуулчлал ба соёл: эерэг нөлөөллийг оновчтой болгох, тогтвортой байдлыг бэхжүүлэх” сэдвийн хүрээнд өрнөж байгаа бөгөөд бүс нутгийн туршлага солилцоо, инновац, тогтвортой бодлогыг дэмжих зорилготой юм.
Монголын өв соёлыг эдийн засагтай холбох стратеги
Соёлын өвийн газрын дарга Н.Болормаа хэлэхдээ:
“Монгол Улс нүүдэлчин соёлоо жинхэнэ төрхөөр нь хадгалж чадсан бүс нутгийн цөөн орны нэг. Бид энэхүү уулзалтаар соёлын онцлогийг танилцуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засагтай уялдуулах стратеги боловсруулах зорилготой. Жуулчид гар урлалын бүтээгдэхүүн хийх, үндэсний хоол хийх үйл явцад оролцох, амьд соёлыг мэдрэхийг хүсдэг. Энэ бүхнийг бид соёлын аялал жуулчлалтай холбож хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцолсон юм.
Тэрээр мөн:
“Манай соёлыг олон улсын цахим орчинд сурталчлах, дөрвөн улирлын аялал жуулчлалын контент бэлдэх нь чухал. Үүний тулд бид дижитал салбар, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана” гэж нэмж дурдлаа.
Бүс нутгийн төлөөлөгчид туршлага хуваалцав
Уулзалтад БНСУ, Тайланд, Шри-Ланка, Мальдив зэрэг 20 гаруй орны аялал жуулчлалын удирдлагууд оролцож байна. Мальдив Улсын Аялал жуулчлал, байгаль орчны дэд сайд Али Шинан хэлэхдээ:
“Манай улс 1000 гаруй арлаас бүрддэг бөгөөд 200 гаруй нь хүнгүй. Бид 2009 оноос хойш соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, уламжлалт хоол, амьдралын хэв маягаа сурталчилсан үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн. Манай консулын газар соёл, аялал жуулчлалыг нэгтгэх чиглэлд ажилладаг” гэв.
Монгол Улс 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авахаар зорьж байна
2024 онд Монгол Улсад 808,000 орчим жуулчин ирсэн бол энэ тоог 2030 он гэхэд 2 саяд хүргэх зорилго тавьжээ. Үүний үр дүнд улсын эдийн засагт 3–4 тэрбум ам.долларын орлого оруулж, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлэх боломжтой гэж тооцоолж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн сайд Чинбатын Номин: “Бид дэлхийн аялал жуулчлалын бодлогыг тодорхойлогч байгууллагатай хамтран дунд хугацааны стратеги боловсруулсан. Удахгүй аялал жуулчлалын салбарт танилцуулна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хүний нөөцийг нэмэгдүүлэх, нислэгийн тоог өсгөх, кэмп, зочид буудал, рестораны стандартыг сайжруулах шаардлагатай” гэж онцолжээ.
Тэрбээр мөн: “Манай иргэдийн харилцааны соёл ч олон улсын түвшинд үнэлэгдэх чухал хүчин зүйл. Иймд бид мэргэшүүлэх төв байгуулж, салбарын ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж нэмж хэллээ.