2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр Монгол, Хятадын хил дээр орших Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолын ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Уг төмөр зам нь хоёр орны хооронд баригдаж буй хоёр дахь хил дамнасан төмөр зам бөгөөд анхны нь 1955 оны гэрээний дагуу хэрэгжсэн Замын-Үүд – Эрээний төмөр зам байсан юм.
Түүхэн тохиролцоо – олон жилийн хүлээлтийн үр дүн
Хил дамнасан энэхүү төмөр замыг байгуулах тухай анхны яриа хэлэлцээ 2004 онд эхэлж, 2008 оноос тасралтгүй хэлэлцэгдсээр ирсэн. Харин 2025 оны хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар төмөр замаар Гашуунсухайт (Монгол) болон Ганцмод (Хятад)-ыг холбох тухай албан ёсны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг гурван сарын дараа эхлүүлээд байна.
Эдийн засгийн ач холбогдол
Төмөр замын нээлт нь стратегийн ач холбогдолтой бөгөөд Гашуунсухайт боомтын тээвэрлэлтийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрсний экспортын хэмжээг 165 сая тонн хүргэхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд жил бүрийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллараар өсөх тооцоо гарсан. Энэ нь Монголын эдийн засагт томоохон түлхэц болох юм.
Ёслолд өндөр түвшний төлөөлөгчид оролцов
Төслийн эхлэлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, УИХ болон Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны дарга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Хятадын Үндэсний хөгжлийн хорооны орлогч дарга, “China Energy Group”-ийн ТУЗ-ийн дарга болон хоёр улсын гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.