Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Жу Хёны урилгаар энэ сарын 22–25-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр боллоо. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд сүүлийн 10 жилийн хугацаанд БНСУ-д хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог ач холбогдолтой юм.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хёнтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудыг хөндөн ярилцана. Талууд Монгол, Солонгосын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр бэхжүүлэх чиглэлд санал солилцохын зэрэгцээ БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон ажил, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг дүгнэн хэлэлцэхээр төлөвлөжээ.
Консулын хэлэлцээрт гарын үсэг зурж, төр, засгийн удирдлагад бараалхана
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалынхаа үеэр БНСУ-ын төр, засгийн удирдлагуудад бараалхаж, хоёр орны харилцааны цаашдын чиг хандлагын талаар санал солилцох юм. Мөн уг айлчлалын онцлох үйл явдлын нэг нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурах ёслол байх бөгөөд энэ нь хоёр орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, харилцан зорчих нөхцөлийг сайжруулах эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц болох аж.
Арван жилийн дараа гадаад хэргийн салбарын сайдын түвшинд дахин зохион байгуулагдаж буй энэхүү айлчлал нь хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой. Ялангуяа Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрийг байгуулснаар БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах тогтолцоо шинэ шатанд гарах нөхцөл бүрдэж байна.
