Винсент ван Гогийн “Цэцэглэж буй хүрэн модод” (Châtaigniers en fleurs) бүтээл Нью-Йоркт болсон Sotheby’s дуудлага худалдаагаар 190 сая ам.долларт зарагджээ. Энэ талаар BBC мэдээлсэн байна.
Уг бүтээл Sotheby’s-ийн түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан хоёр дахь урлагийн бүтээл болжээ. Дээд амжилтыг Густав Климтийн “Элизабет Ледерерийн хөрөг” эзэмшдэг бөгөөд уг зургийг өнгөрсөн жил 236.4 сая ам.долларт худалдан авсан байна.
Ван Гогийн шинэ дээд амжилт
Өмнө нь Ван Гогийн хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл нь “Кипаристай улаан буудайн талбай” байсан бөгөөд 2022 онд 117.2 сая ам.долларт зарагджээ. Харин “Цэцэглэж буй хүрэн модод” энэ үзүүлэлтийг мэдэгдэхүйц давсан байна.
Дуудлага худалдаа болон хувийн хэлцлээр албан ёсоор зарагдсан хамгийн үнэтэй урлагийн бүтээлүүдийн жагсаалтад “Цэцэглэж буй хүрэн модод” есдүгээр байрт оржээ. Нэгдүгээр байрыг Леонардо да Винчигийн бүтээл гэж үздэг “Salvator Mundi” эзэлдэг бөгөөд Оросын тэрбумтан Дмитрий Рыболовлев уг зургийг 2017 онд Christie’s дуудлага худалдаагаар 450 сая ам.долларт зарсан байна.
Ван Гог “Цэцэглэж буй хүрэн модод” зургийг 1890 онд Парисын ойролцоох Овер-сюр-Уаз тосгонд зуржээ. Тэр амьдралынхаа сүүлийн хоёр сарыг энэ тосгонд өнгөрүүлсэн байна.
Блакье-Арьетагийн цуглуулгын нэг хэсэг
Уг зураг Аргентины талийгаач ивээн тэтгэгч Карлос Блакье болон түүний эхнэр Нелли Арьетагийн бүрдүүлсэн алдарт Блакье-Арьетагийн цуглуулгаас дуудлага худалдаанд тавьсан 12 бүтээлийн нэг байжээ. Дуудлага худалдаанаас өмнө эдгээр 12 зургийн үзэсгэлэнг Лондон, Парис, Тайбэй, Хонконг, Нью-Йоркт гаргаж, бараг 30 мянган хүн үзсэн байна.
Sotheby’s дуудлага худалдаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө “Цэцэглэж буй хүрэн модод” зургийг худалдах боломж бүрдсэнийг зарлажээ. Учир нь Блакье, Арьетагийн өв залгамжлагчид болон XX зууны эхний хагаст уг зургийг эзэмшиж байсан Германы еврей хэвлэн нийтлэгч Самуэль Фишерийн өв залгамжлагчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн байна.
Нацистын үеийн өмчлөлийн маргааныг зохицуулжээ
Фишерийн гэр бүлийн өв залгамжлагчдын өмгөөлөгчийн хэлснээр, нацистын хавчлагын улмаас гэр бүлийнхэн зургийг албадан шахам зарахад хүрсэн байж болзошгүй аж. Хэвлэлүүдийн мэдээлснээр, өмгөөлөгч Sotheby’s-д илгээсэн захидалдаа Фишерийн өв залгамжлагчид 1936 онд Амстердамд уг зургийг зарсан бөгөөд тухайн үед нацистын бодлогын улмаас гэр бүлийн хэвлэлийн бизнес санхүүгийн хүнд хохирол амссан гэж дурджээ.
Гэвч лхагва гарагт дуудлага худалдаа эхлэхийн өмнө Sotheby’s хоёр тал харилцан хүлээн зөвшөөрсөн тохиролцоонд хүрснийг мэдэгдсэн байна. “Нацистын үед уг бүтээл туулсан төвөгтэй хувь заяа болон Холокостын үеэр Фишерийн гэр бүлийн амссан зовлонг хүлээн зөвшөөрч, хоёр гэр бүл харилцан сэтгэл ханамжтай шийдэлд хүрсэн бөгөөд уг бүтээлийг тэдний тохиролцооны дагуу худалдах болно” гэж дуудлага худалдааны ордон мэдэгджээ.
1936 оноос хойш Блакье, Арьетагийн мэдэлд очих хүртэл “Цэцэглэж буй хүрэн модод” нийт таван өөр эзэмшигчийн гараар дамжсан байна. Блакье, Арьета нар уг зургийг 1975 онд худалдан авчээ.
