НүүрУлс төрН.Учрал: 2027 онд 25 мянга хүртэлх айлын орон сууц ашиглалтад оруулна

Н.Учрал: 2027 онд 25 мянга хүртэлх айлын орон сууц ашиглалтад оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2030 он хүртэл 100 мянган өрхийг орон сууцтай болгох зорилт хэрэгжүүлж байгааг мэдээллээ. Энэ хүрээнд 2027 онд 16-25 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдийг орон сууцжуулах санхүүжилт, ипотекийн зээлийн хуваарилалтад өөрчлөлт оруулж байгаа талаар Ерөнхий сайд танилцуулжээ.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг хот, хөдөөд тэнцүү хуваарилна

Засгийн газрын саяхны хуралдаанаар ипотекийн зээлийн санхүүжилтийн хуваарилалтыг өөрчилсөн байна. Өмнө нь нийт санхүүжилтийн 70 хувийг нийслэлд, 30 хувийг орон нутагт олгодог байсан бол цаашид хот, хөдөөд тус бүр 50 хувийг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ерөнхий сайд Н.Учралын мэдээлснээр, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх санхүүжилтийн гол чиглэлийг аймгууд руу шилжүүлж байгаа аж. Тухайлбал, Өмнөговь аймагт орон сууцны барилга барьсан хувийн хэвшлийн компаниудын санхүүжилтийн эх үүсвэрийг банкаар дамжуулан нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Одоогоор Монголбанкинд орон сууцны зээлд хамрагдахаар 55 мянган иргэн дараалалд байгаа талаар Ерөнхий сайд мэдээлжээ. Түүний хэлснээр, эдгээр иргэнийг 2026 он дуусахаас өмнө нээлттэй сонгон шалгаруулалтад хамруулахаар төлөвлөсөн байна. Н.Учрал сонгон шалгаруулалтыг шударга, ил тод явуулах шаардлагатайг онцолж, “Хэн нэгний ах дүү, амраг садныг оруулахгүй” хэмээн мэдэгджээ.

Иргэдийг орон сууцжуулах дөрвөн хэлбэр хэрэгжүүлнэ

Засгийн газраас иргэдийг орон сууцтай болгохдоо зөвхөн ипотекийн зээлээр хязгаарлахгүй, өөр өөр нөхцөл бүхий дөрвөн хэлбэрийг ашиглахаар төлөвлөсөн байна.

Өмнө нь танилцуулсан зохицуулалтаар иргэд орон сууц түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтран өмчлөх болон эзэмшиж буй газраа орон сууцаар солих боломжтой байхаар тусгажээ.

Түүнчлэн Засгийн газраас өмнө нь 2027 онд 16 мянган өрхийг зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулж, орон сууцтай болгох зорилт дэвшүүлж байсан юм.

Харин Ерөнхий сайд Н.Учрал энэ удаад ирэх онд 16-25 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 2030 он гэхэд нийт 100 мянган өрхийг орон сууцжуулах зорилттой байгааг мэдэгдлээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд