Хятадын “Beijing Linyi Yunchuan Energy Technology” компани 4 километр хүртэлх өндрийн хүчтэй салхийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх өвөрмөц шийдэл бүхий салхин цахилгаан станцыг амжилттай туршжээ. Уламжлалт өндөр цамхаг, суурин турбины оронд уг систем нь гелиэр дүүргэсэн аварга тавцангийн тусламжтайгаар цахилгаан үүсгүүрийн төхөөрөмжийг агаарт хөөргөдөг байна. Энэхүү системийн хотын орчин дахь үзүүлэх туршилтын талаар Хятадын “Hunan Online” хэвлэл мэдээллээ.
Тус төхөөрөмжийг “S4000 Stratosphere Airborne Wind Energy System” (SAWES) гэж нэрлэсэн бөгөөд уртаараа 67 метр, өргөнөөрөө 40 метр, өндрөөрөө 23 метр хэмжээтэй асар том агаарын хөлөгтэй төстэй аж. Уг тавцан нь цахилгаан үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг багтаасан нэг тонноос дээш жинтэй ачааг агаарт өргөх хүчин чадалтай юм байна.
Агаарын цахилгаан станц хэрхэн ажилладаг вэ?
Өндөр багана дээр бэхлэгдсэн уламжлалт салхин сэнсүүдээс ялгаатай нь “S4000” нь агаарын өндөр давхарга дахь салхины урсгалыг ашигладаг. Салхины урсгал бүтцийн доторх тусгай сувгуудаар нэвтрэн өнгөрөхдөө турбинуудыг эргүүлдэг байна. Үүссэн цахилгаан эрчим хүчийг тавцанг тухайн өндөрт нь тогтоон барьж буй тусгай бэхэлгээний кабелиар дамжуулан газар руу татдаг аж.
Ийм шийдэл нь нүсэр багана, суурийн бетон хийц барих шаардлагагүй болгохоос гадна газар дээр эзлэх талбайг мэдэгдэхүйц багасгадаг давуу талтай. Түүнчлэн өндөр агаарын давхаргад салхи газрын гадаргаас илүү хүчтэй бөгөөд тогтвортой байдаг тул харьцангуй их эрчим хүч үйлдвэрлэх боломжийг олгодог байна. Хөгжүүлэгчдийн тооцоолсноор уг системийн ашиглалтын хугацаа 20 жил байх төлөвтэй ч байнгын ашиглалтын явцад хүчтэй салхины цохилт, температурын огцом хэлбэлзэл зэрэг байгалийн хүнд нөхцөлийг хэр удаан тэсвэрлэхийг цаашид нарийвчлан шалгах шаардлагатай байгаа аж.
4 км-ийн өндөрт хөөргөв
“S4000”-ийг зохион бүтээхээс өмнө өндрийг шат дараатайгаар нэмэгдүүлсэн туршилтуудыг хийж гүйцэтгэжээ. Системийн эхний хувилбаруудыг ойролцоогоор 500, 1,000, 1,500 болон 2,000 метрийн өндөрт хөөргөж байв.
Харин 2026 оны наймдугаар сард Хятадын баруун хойд бүсэд тус байгууламжийг 4 км-ийн өндөрт бүрэн циклтэйгээр амжилттай туршжээ. Мэргэжилтнүүд тавцанг агаарт хөөргөх, тогтоон барих, цахилгаан үйлдвэрлэх болон эргүүлэн газардуулах бүх шат дамжлагыг бүрэн шалгасан байна.
Улмаар тус компани Хунань мужийн Юэян хотод уг технологийн бодит үзүүлэн туршилтыг зохион байгууллаа. Энэ удаад мэргэжилтнүүд системийг хотын орчинтой ойролцоо нөхцөлд туршиж, эрчим хүчний шууд хэрэглэгчдийн ойролцоо байршуулах боломжийг судалжээ.
Уламжлалт салхин сэнсүүдийг орлож чадах уу?
Хөгжүүлэгчид агаарын цахилгаан станцууд нь газар дээр томоохон байгууламж барих шаардлагагүйгээр объектуудыг эрчим хүчээр найдвартай хангаж чадна гэж үзэж байна. Гэсэн хэдий ч уг технологид шийдвэрлэх шаардлагатай техникийн хүндрэлүүд цөөнгүй бий. Тухайлбал, тавцанг барьж буй татлага кабель нь механик өндөр ачааллыг даахын сацуу цахилгааныг саадгүй дамжуулах ёстой. Үүнээс гадна хот суурингийн ойролцоо ажиллуулах үед агаарын орон зайн нислэгийн хөдөлгөөний хязгаарлалт, цаг агаарын эрсдэл, аюулгүй газардуулах механизмыг харгалзан үзэх шаардлагатай болно.
Одоогоор тус компани “S4000”-ийн суурилагдсан хүчин чадал, туршилтын явцад гарган авсан цахилгааны хэмжээ болон нэг киловатт-цаг эрчим хүчний тооцоолсон өртгийг хараахан ил зарлаагүй байна. Эдгээр өгөгдөлгүйгээр уг технологи уламжлалт нар болон салхин цахилгаан станцуудтай өртөг, бүтээмжээрээ хэрхэн өрсөлдөхийг бодитой дүгнэх боломжгүй юм.
Одоогоор төсөл техникийн туршилтын шатандаа явж буй бөгөөд дараагийн гол сорилт нь агаарын уг байгууламж зөвхөн өндөрт хөөрөөд зогсохгүй урт хугацааны туршид тасралтгүй, тогтвортой цахилгаан үйлдвэрлэх чадвартайг батлан харуулах явдал юм.
